Баянзүрх дүүргийн эмнэлэгт түргэвчилсэн оношлуураар есөн хүнээс коронавирус илэрчээ

ALs
2020 оны 12-р сарын 17 -нд

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүнээс өчигдөр  коронавирусийн халдвар илэрсэн. Тиймээс халдвар авсан иргэдийн хавьтал болсон хүмүүс болон эмнэлгийн бүх ажилтнуудыг коронавирусийн шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн шинжилгээгээр Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс есөн хүний түргэвчилсэн шинжилгээнд коронавирус илэрчээ. Оношийг баталгаажуулах PCR шинжилгээг өнөөдөртөө хийж, баталгаат хариу маргааш өглөө гарах юм байна. ЭМЯ-наас өнөөдөр 11.00 цагт мэдээлснээр халдвартай хоёр иргэний эхний хавьтлын 69 хүн, дам хавьтал болох 200 гаруй хүнийг тусгаарлаад буй юм. Энэ хоёр хүн эмнэлэгт хэвтэх үедээ шинжилгээ хийлгэхэд хариу сөрөг гарсан бөгөөд хэвтсэнээс хойш 4-5 хоногийн дараах давтан шинжилгээгээр халдвар илэрчээ. Энэ хүмүүс өмнө нь тусгаарлагдаж байгаагүй, эх уурхай нь тодорхойгүй шинэ халдвар юм. Цар тахлын тархалтын үед энд тэнд алаг цоог шинэ халдвар гарах тохиолдол байдаг гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр тайлбарласан билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна