Ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэхээр 50 жолоочийг БНХАУ-ын талд ажиллуулах болжээ

Отгоо
2020 оны 12-р сарын 18 -нд

Манай улсын дотоодын халдварын нөхцөл байдал болон ӨМӨЗО-нд шинээр дотоодын халдвар гарсантай холбоотойгоор хоёр улсын ачаа тээврийн нэвтрэх урсгал огцом удаашраад байгаа. Энэ асуудалд ГХЯ онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Тэрбээр хэлэхдээ "БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал Эрээн хотод томилолтоор ажиллаж байна. Мөн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хил залгаа аймгуудад ажиллаж байна.

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор 50 жолоочийг БНХАУ-ын талд гаргаж ажиллуулахаар тохиролцсон. Энэ хүрээнд тэнд ажиллаж байсан 18 жолооч дээр нэмж 32 жолоочийг хилээр нэвтрүүллээ. Жолооч нарын тусгаарлалтын хугацаа дууссаны дараа өдөрт 50-аас дээш тооны ачааны машинаар тээвэр хийгдэж, барааны урсгал нэмэгдэнэ.

Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод нүүрс тээвэрлэж буй жолооч нарыг хоёр талд шинжилгээ өгүүлж байгаа. Ингэснээр нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна