“Соёлын элч” нар Соёлын яамны бодлого, үйл ажиллагааны чиглэлтэй танилцлаа

ALs
2020 оны 12-р сарын 19 -нд

Соёлын яам дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, нийгэмд чиглэн ажиллаж байна. Соён гэгээрэл, урлаг, уран бүтээл, соёлын өвийн асуудлаар үндсэн бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа тус яаманд өнөөдөр Монгол Улсын соёлын элч нар зочиллоо.

Соёлын сайд С.Чулуун тэдэнд бодлого, үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, эх орныхоо нэрийг өргөж яваа элч нартайгаа хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Өдгөө дэлхийн 18 улсад 57 соёлын элч үйл ажиллагаа явуулж буй. Тэднийг төлөөлөн эрдэмтэн судлаач Ч.Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, гавьяат жүжигчин, продюсер Б.Дашдондог, төгөлдөр хуурч С.Саянцэцэг, туульч Э.Баатаржав, “Саунд оф Монголиа” ХХК-ийн захирал Х.Дамдинсүрэн нар уулзалтад оролцов.

Тэд бодлого, үйл ажиллагааны товч танилцуулгыг сонсоод, юун түрүүнд Соёлын яамтай болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Цаашлаад олон талаар хамтран ажиллаж, санал бодлоо солилцох хүсэлтэйгээ мөн уламжиллаа.

Зөв монгол хүнийг бий болгохын төлөө хамтран ажиллах урт зам хүлээж буйг ч сайд С.Чулуун хэлсэн юм. Харин эрдэмтэн, судлаач Ч.Эрдэнэ  урлаг уран сайхны соёлоос гадна, оюун санааны соёл маш чухлыг онцлоод эн тэнцүү анхаарч ажиллахыг санууллаа.

Соёлын яамны хувьд ч энэ чиглэлд анхаарч ажиллахын тулд Соёл, гэгээрлийн албыг байгуулж, олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна хэмээн Соёлын яамнаас мэдээлэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна