Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хот орчмын мал аж ахуй эрхэлдэг иргэдэд зориулагдсан малын өвс, тэжээл, хивгийн нэгдсэн зах байгуулахаар болсон байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд, хэрэглэгчдээс өвс, хивэг, малын тэжээлийн үнэ өссөн, мөн худалдаачидтай холбоотой санал, гомдол ихээр ирж байна. Малчид хувь хүний гар дээрээс худалдан авалт хийдэг бөгөөд хүн бүр дуртай үнэ хэлж, өөрсдөдөө ашигтай цагт бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа нь цар тахлын үед улам хүндрэлтэй болгож байна.
Өвс, хивэг, тэжээлийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдлыг дамлан худалдаачид гаргаж байгаа нь ямар нэгэн хяналт, зохицуулалт байхгүйгээс үүдэлтэй. Үүнээс болж малчдын ахуй амьдралд хүндрэл өгөхөөс гадна, малын гаралтай түүхий эд, мах, сүү, цагаан идээ, дайвар бүтээгдэхүүний үнэ өсөх гол шалтгаануудын нэг болоод байна.
Тус асуудлаар ШӨХТГ-аас 12 дугаар сард хяналт, шалгалт хийж цаашид авах арга хэмжээний тухай Монгол Улсын Шадар сайд болон ХХААХҮЯ-нд хүргүүлснийг Засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан юм. 2020 оны 12 дугаар сарын 19-ны өдөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай зөвшилцөж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай санал солилцсоны дагуу Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотод малын өвс, тэжээл, хивгийн Нэгдсэн зах байгуулахаар СХД-ийн Засаг дарга Алтаншагай болон холбогдох албаны хүмүүстэй газар дээр нь ажиллажээ.
Уг асуудлыг нэг удаа шийдэх биш уг үндсээр нь шийдвэрлэх нь иргэд, хэрэглэгчдэд дахин энэ асуудлаар хүндрэл учруулахгүй байхаар шийдвэрлэх юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна