МИАТ компани өчигдөр Сөүл рүү карго нислэг үйлдсэн. Тус нислэгээр БНСУ-аас манай улсын 34 иргэн эх орондоо ирсэн болохыг УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэллээ.
Тэрбээр “МИАТ компани агаарын тээврийн карго ачааг тасралтгүй зохион байгуулахад анхаарч байгаа. Хэдийгээр карго ачаа зөөж байгаа ч гэсэн өчигдөр 34 иргэнээ авчирсан. Эдгээр иргэд нь эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, ар гэрийн гачигдалтай, санхүүгийн хүндрэлд орсон тул татан авах арга хэмжээг зохион байгууллаа" гэв.
Мөн тэрбээр боомтуудын ачаа эргэлтийн талаар мэдээлэл өгсөн юм.
"Замын-Үүд боомтоор гарах болон нэвтрэх хөдөлгөөнийг эрчимжүүлж, өдөртөө 50-60 тээврийн хэрэгсэл орж, гарч байгаа. Эрээн боомт дээр түгжирсэн ачаа, барааг шуурхай нэвтрүүлэхийн тулд мэргэжлийн байгууллагууд санаачилгатай ажиллаж байна.
Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор өчигдөр шатахуун тээврийн 15 машиныг нэвтрүүлсэн. Шатахууны хангамжийн тогтовортой байдлыг хангахад анхаарч ажиллаж байгаа.
Мөн эрүүл мэндийн салбарт хэрэглэх тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэглэл гэх мэт ачааг Монгол Улсын хилээр шуурхай нэвтрүүлэх тал дээр анхаарч байгаа" хэмээн ярилаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна