Эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа 20 мянган хүнийг вакцинд хамруулахыг хүслээ

ALs
2020 оны 12-р сарын 26 -нд

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Япон, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудтай цахим уулзалт хийж “Монгол Улсад вакцин нийлүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах” талаар албан ёсны хүсэлтийг уламжилсан.

Ковид-19 цар тахалтай холбоотойгоор бүх Байнгын хорооны дарга нарыг оролцуулсан түр хороо, Сангийн сайдаар ахлуулсан “КОВИД-19 вирусын эсрэг вакцины хангамжийн асуудлыг хариуцах” ажлын хэсэг тус тус байгуулагдан ажиллаж байна. Л.Энх-Амгалан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд Улаанбаатар хот, 21 аймагт хорио цээрийн голомт, эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа Төрийн болон Төрийн үйлчилгээний албан хаагч болох 20.000 гаруй хүний эрүүл мэндэд анхаарах, эхний ээлжинд вакцинд хамруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улс нь КОВАКС хөтөлбөрт хамрагдахаар гарын үсгээ зурж, тухайн хөтөлбөрт хамрагдах улс орнуудын 4 дүгээр бичигдсэн байгааг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун дурдлаа.

КОВАКС хөтөлбөр нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад КОВИДийн вакцинийг хүргэхэд туслах олон талт хамтын ажиллагааны хөтөлбөр юм.

Цахим уулзалтын мэдээллийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нарт хүргүүлж цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж, дээрх орнуудтай вакцин нийлүүлэлтийн талаар холбоотой ажиллах тухай санал хүргүүлжээ.

Нийтэлсэн: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна