Н.Номтойбаярт оноосон 5 жил 5 сарын хорих ялыг НЭГ ЖИЛИЙН хорих ял болголоо

Отгоо
2021 оны 1-р сарын 23 -нд

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарт холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ. 

Шүүгчдэгч Н.Номтойбаярт оногдуулсан 5 жил 5 сарын хорих ялыг нэг жил болгон хөнгөрүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хаслаа.

Өмнөх шатны шүүхээс Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5 жил 5 сарын хорих ял оноосон юм.

Шүүхийн шийдвэрийг дэлгэрэнгүй танилцуулбал:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийн талаар дараах өөрчлөлтийг орууллаа. Шүүгдэгч Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, мөн газрын дэд дарга, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөвт хөтөлбөрийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Шижиржаргал, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Баттөгс нар нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3-р сарын 20-ны өдрийн хуралдаан, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3-р сарын 21-ний өдрийн хуралдаанаөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхдээ албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сонгон шалгаруулал явуулахгүйгээр нэр бүхий найман иргэн, 21 ААН-д 3,9 тэрбум төгрөгийг олгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Н.Номтойбаярын хувьд, шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарын үйлдсэн дээрх гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруу нь тогтоогдоогүй. Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын хувьд уг хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан Эрүүгийн хуулийн 23.5.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзлээ. Иймээс хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчлөхөөр шийдвэрлэж байна. 

Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйл.Хайнга хандах
1.Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн зөвлөлийн гишүүн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ууганбаяр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтэн Д.Батмөнх, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлт дэмжих газрын ахлах мэргэжилтэн М.Нямдэмбэрэл нарын хувьд шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарын үйлдсэн хэрэгт санаатай нэгдэж хамтран оролцсон нь тогтоогдоогүй, харин үүрэгт ажилдаа хайнга хандаж, энэхүү шалгаруулалтын ажлын хэсгийн хуралдааны хуурамч тэмдэглэлд мэдсээр байж гарын үсэг зурсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.5.1 зүйлд заасан гэмт хэргийг агуулсан байна. 

Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Номтойбаяр, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарт Эрүүгийн хуулийн 23.5.1 болгон, шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарт Эрүүгийн хуулийн 22.1.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

  • шүүгдэгч Н.Номтойбаярын Эрүүгийн хуулийн 23.1.5-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хорих ял,
  • шүүгдэгч Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарын нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр нэг жилээр хасч, таван сая төгрөгөөр торгох ял,
  • Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, хоёр жил хорих ял, Н.Баттөгсөд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж 6 сая төгрөгөөр торгох ял оноолоо.  

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг хүчингүй болголоо. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна