“Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулах эсэхийг 3-р сард хэлэлцэн шийднэ

ALs
2021 оны 1-р сарын 23 -нд

Японы нийслэл Токио хотод ирэх зун явуулахаар тогтсон хүн төрөлхтөний спортын их наадам болох Олимпийн наадмыг тогтоосон хугацаанд зохион явуулах эсэхийг ирэх 3-р сард эцэслэн шийдэх бололтой. Цар тахлын дэгдэлтээс шалтгаалан бүтэн жилээр хойшлогдсон “Токио-2020” Олимпийн наадмыг тогтоосон хугацаанд нь явуулахыг Японы эрх баригчид мэдэгдэж байгаа ч зарим улс орнууд цар тахлын дэгдэлт буурахгүй бол дахин хойшлуулах саналтай байна.

Токио-2020 Олимпийн наадмын галт бамбарыг аялуулах буухиа ирэх 3-р сарын 25-нд эхлэх ёстой юм. Энэ талаар Токио-2020 ОЛимпийн наадмын зохион байгуулах хорооны дарга Мори Ёширо мэдэгдсэн. Японы эрх баригчид Олимпийн наадмыг ирэх зун үзэгчгүйгээр зохион байгуулах боломжийн талаар судалж байгаа юм. Учир нь бүтэн жилээр хойшлогдсон Олимпийн наадмыг дахин хойшлуулах аргагүй гэж үзэж байна. Түүнчлэн Токио-2020 Олимпийн наадмыг хойшлуулснаар Япон улс эдийн засгийн асар их алдагдал хүлээж байгаа нь зүйн хэрэг. Тиймээс урьдчилан шийдвэр гаргалгүйгээр, цар тахлын тухайн үеийн нөхцөл байдалд уялдуулж шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Гэсэн хэдий ч Моригийн мэдэгдсэнээр дэлхийн улс орнууд дахь цар тахлын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийснээр Олимпийн наадмын талаарх шийдвэрийг ирэх 3-р сарын сүүлээр гаргахаар төлөвлөж байгаа юм байна. ОУОХ-ны тэргүүн Томас Бах Токиогийн Олимпийн наадмыг дахин хойшлуулах, эсвэл бүр цуцлах боломж байхгүй гэж мэдэгдсэн байна. Токио-2020 Олимпийн наадам 2020 оны 7-р сарын 21-ээс 8-р сарын 9-ний өдрүүдэд болох ёстой байсан ч цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдон, 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-ны хооронд зохион байгуулахаар тогтжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна