“Хайрын бэлэг”, “Эцсийн зогсоол Э цэг”, “Гурван найз”, “Хайр эргэсэн хавар” зэрэг олон киногоор үзэгчдийн танил болж, мэргэжлээрээ Төв аймгийн “Монгол туургатан” театрт 10 гаруй жил тууштай ажиллаж байгаа жүжигчин Т.Энэрэлтэй ярилцлаа.
Түүний сүүлийн уран бүтээл “Seasons of Love” кино энэ сарын тавнаас эхлэн бүх IPTV -д байршсан бөгөөд нөхөр О.Итгэл нь найруулж, тэд хосын дүрд хамтран тоглосон байна.
–Сайн байна уу. Таны сүүлийн кино “Seasons of Love” -ын талаар ярилцлагаа эхлүүлье. Киноны бусад кинонаас ялгарах онцлог, хэв маяг юу вэ?
-Кино маш олон талаараа онцлогтой болсон гэж бодож байна. Мэдээж цаг үеийн нөхцөл байдал ковидын эрсдэлээс хамгаалж эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажилласан. Зураг авалт найм, есдүгээр сард болсон учир хорио цээрийн бус нөхцөлд хийсэн. Сэдвийн хувьд кино нь хайр дурлалын харилцааг олон өнцгөөс харуулсан бөгөөд киног бүх хүн хүлээн авч үзэх боломжтой. Кино найман гол дүртэй бөгөөд жүжигчдийн үүрэг тэнцүү хуваарилагдсан гэж бодож байна. Найруулагчаар манай гэр бүлийн хүн ажилласан. Жүжигчний хувьд киноноос ур чадвар, ажиллагаагаа хүлээж байгаа төдийгүй эхнэрийн хувьд нөхрийнхөө анхны кино гэдгээр нь маш их догдолж, баяртай байна. Нөхөр бид хоёр хэдэн жилийн өмнө ОХУ-д зохион байгуулагдсан “Территория жеста” тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан театр урлагийн арга хэмжээнд очиж оролцож байсан. Тэнд урлаг гэдэг хүнийг нээж, хөгжүүлж, төлөвшүүлдэг тухай онцолж тусгай хэрэгцээт иргэд ч урлагийг тэгш хүлээн авах боломжтой байх ёстой гэсэн саналыг дэвшүүлж байсан. Сайн хэлж мэдэхгүй ч тухайн арга хэмжээ нөхөрт маань бас нэгийг бодогдуулсан болов уу гэж таамаглаж байна. Тус иргэдэд зориулсан дохионы хэлээр бүрэн хэмжээний драмын жүжиг тайзан дээр найруулж тавина гэж хэлж байсан. Энэ талаар өөрөө саналаа хэлэх байх. Хамгийн гол нь анхны найруулж, олон нийтэд хүргэж байгаа кинондоо гол дүрд Б.Алтансувд охиныг тоглуулсан нь, киногоороо ч тэр тэднийг хүлээн авах боломжтойгоор хийсэнд нөхрөөрөө бахархаж байна. Тус иргэдийг урлагийн, дэлгэцийн, тайзны амьдралд татан оролцуулснаар өөрсдөдөө итгэх итгэл нэмэгдэж, тэд сул талаа биш давуу талаа олж харан гялалзах, хөгжих бүрэн боломжтой байх гэж бодож байна.
Үүний нэг жишээ болж, “Seasons of Love” киноны гол дүрд тоглосон Б.Алтансувд охин багаасаа сонсголын бэрхшээлтэй байсан ч өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд хичээж, биелүүлж чадсан нь бусад залуучуудад ч итгэл болно гэж найдаж байна. Мөн кино маань бүх иргэдэд зориулж хадмалтайгаар гарч байгаа бөгөөд цаашид ч тэр бусад кино бүр хадмалтай гардаг бол гоё.
–Киноны дүр таниас хэр зэрэг жүжиглэх уран чадвар шаардсан бэ. Нөхөртэйгөө нэг кинонд тэр дундаа хосын дүрд тоглох ямар санагдсан бэ?
-Найман гол дүр бүгд ижил үүрэгтэй оролцсон. Миний хувьд цаг хугацаа, нарны өнгөнд захирагдаж ажилласан. Миний дүрийн зураг авалт гадаа дээвэр дээр болсон бөгөөд нарны өнгийг зөрүүлэхгүйн тулд алдаа бага гаргаж, цаг хугацаагаа зөв ашиглаж, өөрийгөө хурдан бэлдэх хэрэгтэй болсон. Seasons of love кино контент дээр нөхөртэйгөө тоглох сонин, шинэ мэдрэмж байсан.
-Гэр бүлийн хоёр хоёулаа урлагийн хүмүүс байх зарим талаараа давуу талтай ч бас сул тал байгаа байх. Жишээлбэл, саяхан оролцсон “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгээс болж олон нийтээс танай гэр бүлд чиглэсэн олон шүүмжлэл нийгмийн сүлжээнд харагдаж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Уран бүтээлч хүн учир мэргэжлийн онцлогоос шалтгаалан олон нийтийн анхаарлыг татдаг байх. Уг нь бид тийм ч их сонирхол татаад байдаггүй гэж боддог. Нийгмийн сүлжээнд ч идэвх багатай. Гэтэл сүүлд оролцсон “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн дараа манай нөхөрт “энэ яг эхнэрээ зоддог” “энэрэл дээрэлхүүлж амьдардаг” гэх мэтээр үндэслэлгүй сэтгэгдэл, доромжлол их ирсэн. Гэхдээ энэ шоу нэвтрүүлэг болохоор тодорхой зорилготой, хүмүүсийн сонирхлыг татахын тулд олон монтаж хийгддэг шүү дээ. Би нөхөртөө зодуулаад, нөхөр намайг зодоод байсан юм байхгүй. Харин ч өглөө бүр ажилдаа явахдаа хүүхдүүддээ хоол хийж өгч, намайг халамжилдаг учир манай нөхөрт тэгж хэлүүлэх гомдолтой байгаа байх. Олон нийт урлагийн хүмүүсийг энэнээс илүү ноцтойгоор шүүмжилж, хатуу үг хэлж, доромжилж байгаа нь ажиглагддаг. Элдвээр хэлүүлсэн ч тоолгүй өөрийгөө зөв авч явдаг сэтгэлийн хаттай, тэвчээртэй урлагийн хүмүүсээрээ бахархдаг. Би өөрөө эмзэг хүн болохоор ч тэр үү жижигхэн зүйлд гомдчихдог. Тоохгүй байя гэсэн ч бодогдоод таагүй байдаг. Хүмүүс “битгий тоо” гээд байхад би тоохгүй байж чаддаггүй нь буруу байх л даа. Би бусад хүмүүс шиг тэгж аймар хэлүүлээд, элдвээр чичлүүлсэн бол бараг өдийд амьд явж чадахгүй байсан. Жижигхэн зүйлд эмзэг хандаж байгаа нь миний буруу байх. Хүмүүс миний хувийн амьдралыг биш мэргэжлийн ур чадвар, дүрийг ярилцдаг бол сайхан. Ярилцаасай гэж гуйж байгаа зүйл биш л дээ. Хоёр хүүхдийн ээж болсон болоод ч тэр үү хувийн амьдралдаа хаалттай байхыг хүсдэг болсон. Seasons of Love киног үзэх хүмүүст ч энэ нь бид хоёрын хайрын түүх биш, бидний амьдралтай огтоосоо хамаарал байхгүй өөр хүний түүх, киноны зохиол гэдгийг хэлмээр байна.
–Нэг хэсэг нэлээд идэвхтэй олон кинонд ажиллаж, хүмүүсийн анхаарлыг татаад байсан. Сүүлийн жилүүдэд уран бүтээлийн хувьд өмнөхөө бодвол харьцангуй нам гүм байх шиг байна тийм үү?
-“Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт орсны дараа бас “ийм сайхан охин авч суучхаад гундуулаад, гандаачихаж” гэж нөхөрт маань олон шүүмжлэл ирсэн. Би өөрөө бас энгийн, гадуур гарахдаа ч нүүрээ буддаггүй нь зэрэг нь зарим үед бурууддаг юм шиг байна. Кинонд тоглохдоо элдэв дүрийг бүтээдэг ч амьдрал дээрээ энгийн л эмэгтэй. Айлын эхнэр, хүүхдийн ээж. Дэлгүүр гарахдаа нүүрээ ч будахгүй, гэрийн хувцастайгаа гардаг. Урлагийн хүн олон нийтэд үлгэр дуурилалтай, гоё сайхан байх ёстой гэдэг нь үнэн. Гэхдээ би ажилласан кино, тоглосон дүрээрээ л шүүмжлэл, магтаалыг сонсож, нөлөөлөхийг хүсдэг. Тэрнээс биш элдэв реклам, хувийн амьдралаараа олны анхаарлыг татахыг хүсэхгүй байна. Бас би ингэлээ, тэглээ гэж хэлээд зарлаад явдаггүй нам гүм байгаа нь “би юу ч хийхгүй байна” гэсэн үг бас биш юм шүү дээ. Seasons of Love кинонаас өмнө олон улсын А зэрэглэлийн хоёр ч кинонд тоглосон. Шанхай, Берлиний кино наадамд оролцож, гран-при шагнал хүртэл авсан. Ковидоос болж кино нээлт хойшлогдсон ч удахгүй олон нийтэд хүрэх байх. Мөн СУИС-д жүжигчин мэргэжлээр төгссөний дараа бид ангиараа Төв аймгийн театрт ажиллаж эхэлсэн. Одоо 11 дэх жилдээ театртаа ангийнхантайгаа ажиллаж байна. Нэг нэгнийгээ багаасаа мэддэг хүмүүстэй хамт ажилладаг болохоор ажлын байрны өрсөлдөөн, лидер байх гэсэн зөрчилдөөн, үл ойлголцол байдаггүй их амар байдаг. Миний хамгийн үнэ цэнэтэй баялаг бол ангийнхан минь ч гэж боддог. Найзуудтайгаа ажилладаг болохоор өөрийнхөөрөө, энгийн тайван ажиллаж чаддаг.
-Seasons of love хүмүүсийн хайр дурлалын ялгаатай байдал, өөр өөр харилцааг харуулна гэсэн. Та өөрийн хайрын тухай бодол, дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Хайрын тухай зөндөө афоризмууд байдаг даа. Хайр бол итгэл эсвэл харилцан ойлголцол хүндлэл юм гээд л цувардаг. Гэхдээ надад энэ бүхэн хайрыг бүрэн тодорхойлж чадахгүй юм шиг санагддаг. Хайр нас насанд, амьдралын үе бүрт өөрөөр мэдрэгдэж, өөрөөр үзэгддэг. Миний хувьд нөхөртэйгөө анх танилцаж байхад нэг өөр, хамтдаа нэг гэрт орох ахиад нэг өөр мэдрэмж төрүүлсэн. Дараа нь анх хүүхэдтэй болоод ээж болоход ч хайрын өөр мэдрэмжийг мэдэрсэн. Хоёр хүүхэдтэй ээж болоод одоо хайрыг бас нэг өөр өнцгөөс нь харж байна. Учир нь би энэ хугацаанд төлөвшиж, өөрчлөгдөж ирсэн. Гэхдээ мөн чанар, хувь хүн маань өөрчлөгдөөгүй. Тэр өөрчлөгдөөгүй зүйл нь би ээждээ, аавдаа, нөхөртөө, найздаа, хүүхдүүддээ гээд хайртай хүмүүстээ “өөртөө хүсдэг сайхан бүхнээ” хүсдэг мэдрэмж юм. Хайртай байна гэдэг өөрт хүсдэг сайхан бүхнээ өөр хэн нэгэнд хүсэх гэсэн үг байж магадгүй. Би хайрын талаар философийн үүднээс тайлбарлаж чадахгүй. Seasons of Love дээр ч хүмүүсийн өөр, өөр хайрын түүхүүд гардаг. Хайр гэж энэ юм шүү гэж кинонд хэлээгүй, заагаагүй. Үзэгч өөрөө амьдрал дээр хүмүүст тохиолддог харилцаануудыг үзээд хайрын талаар эргэцүүлэх боломжтой.
-Таны цаашдын уран бүтээлийг сонирхож болох уу?
-Дэлхий нийтээр цар тахал тархсан энэ үед гэртээ байж хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавина. Юу хаашаа эргэх нь тодорхойгүй энэ үед бусдын л адил байдал хаашаа эргэхийг ажиглаж сууна даа.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
Өглөө.мн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна