Төр, иргэн нь нэгдмэл байж цар тахлыг эрсдэл багатай даван туулна. Энэ үгийг Я.Содбаатар сайд мэдээлэл хийх бүрдээ хэлж харагддаг байв. Магадгүй У.Хүрэлсүхийн Засгийн газарт тэр хамгийн итгэлтэй бас ямар ч рекламгүй үүргээ гүйцэтгэдэг баруун гар нь байсан байх. УОК, НОК, УОК-ын “Шуурхай штаб”-ын шуурхай хурал гээд тасралтгүй ажиллаж, цар тахлын үеийн нийгмийн харилцааг нэгдсэн бодлого, удирдлагаар нягт ханган ажиллах ажилдаа гол анхаарлаа хандуулж, хийж хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд сурталчилж, мэдээлдэггүй сул талтай гэж шүүмжлэх хүн ч олон. Шадар сайд бүр өөр өөрийн онцлогтой байсан ч Я.Содбаатарт онцгой хариуцлагатай амаргүй цаг хугацаа таарлаа. Гэсэн ч тэр хичээж ажиллаж, ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалах үйлсэд үр дүнтэй ажиллаж чадсан юм. Ингээд түүний хийж хэрэгжүүлсэн ажлаас товч дурьдая.
- Цар тахлын нөхцөл байдлын үед эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа 14,309 хүнд урамшуулал олгосон. Үүнд тусгаарлах байранд ажиллаж байгаа резидент эмч, эргүүл хамгаалалтад гарч байгаа цагдаа, сонсогчид, мэргэжлийн хяналын албан хаагчид багтсан
- УОК-ын дэргэд салбар салбарын эрдэмтэн, доктор, судлаачдаас бүрдсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн зөвлөл байгуулж, хамтран ажилласан
- Бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, аж ахуйн нэгжүүдийн байр суурь, санал, үгийг сонсож ажилласан
- УОК-ын даргын тушаалаар “Хүнсний хангамжийг сайжруулах шуурхай штаб”-аас нөөцийн мах худалдах 15 байршил тогтоож, 200 тонн мах худалдан борлуулж, нийслэлчүүдийг хямд махаар хангах ажлыг зохион байгуулсан
- Хөл хорионы үед төрийн байгууллагууд нийт ажилчдынхаа 70 хувийг гэрээс нь ажиллуулах чиглэл өгч, иргэдээ халдварт өртөх эрсдэлийг бууруулсан
- 0-12 насны хүүхэдтэй эх, эцгийг гэрээсээ ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллагуудад үүрэг болгож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд уриалж, биелэлээ олсон
- 51 оюутны дотуур байрны 10541 оюутанд 460 сая төгрөгийн хоол хүнсний тусламж үзүүлсэн
- Дотуур байранд амьдарч байсан хөдөө орон нутгийн 19199 оюутанг дотоодын халдвар эд тархаж байсан оргил үед яаралтай шинжилгээнд хамруулж, орон нутагт нь буцаах ажлыг яаралтай зохион байгуулж 21 аймгийн 21 чиглэлд тусгай автобус гаргаж ажилласан
- Сургууль, цэцэрлэгийн агуулахад хадгалагдаж байсан 1,7 тэрбум төгрөгийн хүнсийг зорилтот бүлгийн 25,500 хүүхдэд өгсөн
- Эм, эмнэлгийн хэрэгсэл, хүсний бүтээгдэхүүний хангамжид хамгийн өндөр анхаарал хандуулан ажилласан
- Монгол Улс анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, ард иргэдээ дэлхийг цочроосон халдварт цар тахалд өртөх өндөр эрсдлийг 10 хувиар бууруулсан
- ОУ-ыг вакцинжуулах COVAX механизмд Монгол Улс нэгдэж, хүн амаа шат дараатай вакцинжуулах ажилд онцгой анхаарал хандуулан ажилласан. Тун удахгүй эхний ээлжийн вакцин орж ирж, вакцинжуулах ажил эхэлнэ
- Тусгаарлах байрны халдвар хамгаалалтад онцгой анхаарч, зохих стандарт, шаардлага хангаагүй байруудтай хийсэн гэрээг цуцалсан
- ДЭМБ болон ОУ-ын бусад улс орны төлөөлөгчидтэй байнгын цахим уулзалт хийж, цар тахлын үеийн эрүүл мэнд болоод бизнесийн орчны халдвар хамгааллын байдлын талаар санал солилцож ажиллав
- Он гарснаас хойш 610, нийт хилийн чандаас 28,000 мянган иргэнээ татан авсан. Ирэх хоёрдугаар сард мөн дөрвөн удаагийн нислэг үйлдэж 840 орчим иргэнээ тусгай үүргийн нислэгээр татан авах нислэгийн хуваарийг баталсан
Энэ бол зөвхөн “Ковид-19”-тэй холбоотой түүний хийсэн зарим ажил. Үүнээс гадна Шадар сайдын харьяанд хэд хэдэн том агентлаг бий. Агентлагийн удирдлагууд ч түүний ажиллах, удирдах арга барилд ам сайтай байдаг юм билээ. У.Хүрэлсүх сайдын ЗГ өнгөрсөн хавраас эхлэн Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, тодорхой хувиар хөнгөлөхөөс эхлээд татварын хуулиудыг тэглэж, мөн хөнгөлж, хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж, хүнсний талоныг хоёр дахин нэмэгдүүлсэн, сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар хөнгөлж, нэг шуудайг нь 930 төгрөг болгосон, иргэдийн ус, цахилгаан, дулаан, хогны мөнгийг ирэх долдугаар сарын нэгэн хүртэл тэглэсэн, хөдөө орон нутгийн малчдад чиглэж улсын нөөцөөс 3,800 тонн өвсийг үнэгүй, 1,900 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон гээд Коронавирус цар тахлын үеийн онцгой нөхцөл байдалтай уялдуулан иргэд аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн маш олон шийдвэрийг гаргаж ажилласан. Энэ шийдвэрүүдэд ч Я.Содбаатар сайдын санал, хичээл зүтгэл баггүй байсан нь ойлгомжтой юм. Үр дүнтэй олон ажлыг нь С.Амарсайхан сайд мөн үргэлжлүүлэн залгаж ажиллана гэдэгт итгэж байна. Танд амжилт, эрүүл энхийг хүсье.
Сэтгэгдэл бичигдээгүй байна