ДЭМБ-ын шинжээчдийн багийн Хятадын Ухань хотод хийх коронавирусний эх сурвалжийг судлах судалгааны ажил эхлэх гэж байна. Энэ сарын 14-нд Хятадын Хубэй мужид очсон ДЭМБ-ын шинжээчдийн 14 хоногийн тусгаарлалт дууссан байна.
Олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг тусгаарлалтад байх хугацаандаа Хятад болон бусад орны мэргэжилтэн, вирус судлаачидтай цахим уулзалт, зөвлөгөөн хийжээ. Мэргэжилтний баг Ухань хотын далайн гаралтай бүтээгдэхүүний захыг цар тахлын эхэн үеийн халдвар авсан өвчтөний тоо болон Ухань хотын Вирус судлалын хүрээлэнтэй харьцуулж, холбож судлахаар төлөвлөж буй юм байна.
Учир нь АНУ болон зарим орны мэргэжилтнүүд Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгээс халдвар тарсан байх магадлалтай гэсэн асуудал хөндсөн. Харин Хятадын зарим мэргэжилтэн Ухань хотын мал амьтны махны худалдааны газраас сарьсан багваахайн махнаас тархсан байх магадлалтай гэж мэдээлж байсан.
Мөн ДЭМБ-ын баг коронавирусний эх сурвалж хаанаас эхтэй, ямар замаар хүнд халдварласан зэргийг нотлохын тулд эмнэлгийн ажилтнуудтай ярилцлага хийх юм байна. Коронавирус тархсанаас хойш нэг жил гаруй хугацаа өнгөрсөн учраас ДЭМБ-ын зарим шинжээч коронавирусний эх сурвалжийг тогтоох энэ судалгаа үр дүнтэй болно гэдэгт эргэлзэж байгаа юм.
Одоо олон улс ДЭМБ-ын шинжээчдийн судалгаанд Хятадын тал ямар мэдээллээр хангах нь вэ, дүгнэлт ямар гарах нь вэ, Хятад улс шинжээчдийн хүсэлтийг хэрхэн хүлээж авах нь гэдгийг анхааралтай ажиглаж байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна