ХЭҮК-ын гишүүд Европын холбооны гишүүн улсуудын Элчин сайд нартай хүний эрхийн асуудлаар санал солилцлоо

ALs
2021 оны 2-р сарын 20 -нд

Европын Холбооны зүгээс Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээг цаг алдалгүй авахын зэрэгцээ хүний эрх болон ардчиллыг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд хараат бус шүүх засаглал, хүний эрх хамгаалагчид, чөлөөт хэвлэл мэдээлэл болон иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллаж байгаа талаар 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Европын холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарын цахим уулзалтын үеэр ярилцлаа.

Цахим уулзалтад Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа болон ЕХ-ны гишүүн 27 улсын Элчин сайд нар, Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлж, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Д.Сүнжид, гишүүн Б.Энхболд, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, ОУГЭЗХАХ-ийн дарга Ө.Ундрах нар оролцлоо.

Уулзалтаар олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцыг тайлагнах механизмыг боловсронгуй болгох, Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын олон талт гэрээ, конвенцын шүүхийн практик хэрэглээ, ХЭҮК-ын болон Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний байгуллагын төсөв, хүний нөөцийн асуудлыг хөндөн ярилцаж, Европын холбооны зүгээс цаашид хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ. Элчин сайд Траян Лауренцю Христеа Монгол Улс болон Европын холбооны хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд хүний эрх, ардчилал, эрх зүйт ёсыг дэмжих, улмаар хүний эрхийн хэрэгжилтийг үндсэн шалгуур үзүүлэлтээ болгохоор төлөвлөж буйг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль 2020 онд шинэчилсэн найруулгаар батлагдсанаар хүний эрхийн үндэсний байгууллагын чиг үүрэг өргөжиж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгох нөхцөл бүрдсэн нь хүний эрхийн салбарт шинэ хуудас нээж байгаа бөгөөд цаашид хүний эрхийн албан болон албан бус боловсролын тогтолцоог бэхжүүлэх, Комиссын чадавхийг бэхжүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлуулах, хууль тогтоомжид хүний эрхийн өнцгөөс мониторинг хийх зэрэгт Комиссын гишүүд урт хугацаанд анхаарч ажиллахаар төлөвлөж буйг Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан онцлов.

Цахим уулзалтын явцад Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Филипп Мэрлин Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын олон талт гэрээ, конвенцын орчуулга, шүүхийн практик хэрэглээ, Бүгд Найрамдах Чех улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ийржи Бродский эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний бүрэн эрх, томилгооны үйл явц, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, хүний нөөцийн талаар асуулт асууж, Комиссын гишүүд хариулав.

Элчин сайд Траян Лауренцю Христеа цаашид хүний эрхийн асуудлаар, тухайлан эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм, хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлгийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой үргэлжлүүлэн хэлэлцэх, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлснээр энэхүү уулзалт өндөрлөв.

Эх сурвалж: ХЭҮК


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна