Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай

ALs
10 цагийн өмнө

Засгийн газрын 2021 оны 53 дугаар тогтоолоор “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г батлуулсан.

 Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас Ажлын хэсгийг байгуулан хэрэгжилтэд хяналт тавьж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж ирсэн.

 Төлөвлөгөөний хэрэгжилт 2025 оны эхний хагас жилийн байдлаар 70%-тай байгаа ч Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж байгаа бохир усны бохирдлын үзүүлэлт байнга нэмэгдсээр байна.


 Тухайлбал, 2022 оноос хойш төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа хаягдал усны дээжийг авч, шинжилгээ хийхэд бохирдлын хэмжээ нь MNS 6561:2024 стандартын шаардлагаас даруй 2-4 дахин өндөр байна.

 Одоогийн байдлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа арьс, шир боловсруулах 15, ноос ноолуурын 19,  өлөн боловсруулах 5, мах, махан бүтээгдэхүүний 32, сүү, сүүн бүтээгдэхүүний 6, талх чихрийн 14, архи, ундааны 10 нийт 101 аж ахуйн нэгжээс 70 нь урьдчилан цэвэрлэх байгууламжгүй байгаа нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа шинэ Төв цэвэрлэх байгууламжийг технологийн дагуу ажиллахад ихээхэн хүндрэл учруулж байна.

 ХББОСЯ-ны зүгээс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Үйлдвэрийн хэрэглээнээс гарсан бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжаар зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа татан зайлуулах шугам сүлжээнд нийлүүлэх, технологийн хэрэглээндээ эргүүлэн ашиглана.” гэсэн заалтыг хэрэгжүүлэн ажиллах чиглэлийг 2021 оноос хойш хэд хэдэн удаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн ч үйлдвэрүүд өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадсангүй.


 Бид Монголын Мянганы сорилтын сан, Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулахын зэрэгцээ Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцуулсан.

 Улаанбаатар хотод шинээр ашиглалтад оруулах төв цэвэрлэх байгууламжид хүлээн авч байгаа бохир усны бохирдолын хэмжээ нь стандартын шаардлага хангахгүй бол АНУ-ын МСК-ын 350 сая.ам.долларын буцалтгүй тусламжийн Ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр”-ийн барилга 2025 онд ашиглалтад орж, дулааны станцуудад нийлүүлж чадахгүйд хүрлээ.

 Иймээс дээрх бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээг үр дүнтэй амжилттай хэрэгжүүлэхийн тулд манай яамнаас Ажлын хэсгийг байгуулан Улаанбаатар хотод шинээр барьж байгаа төв цэвэрлэх байгууламжийн барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн ажлын уялдаа холбоог ханган шуурхай арга хэмжээг авч мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа ч үйлдвэр, аж ахуйн нэгжүүд дээрх мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, үйлдвэр аж ахуйн нэгж бүр бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох ажлыг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна.  


 Үйлдвэрийн хаягдал ус нь MNS 6561:2024 стандартын шаардлагад нийцээгүй тохиолдолд “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д “хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аюултай нөхцөл байдал үүссэн”, 16.2.6-д “энэ хуулийн 18.1-д заасны дагуу тогтоосон бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээг хангаагүй бохир ус нийлүүлсэн” байх гэж тус тус заасны дагуу цэвэр усны хэрэглээ болон хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээг үе шаттайгаар авах ажлыг зохион байгуулахыг үүгээр мэдэгдье.

 ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна