Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд гаргасан 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн, 6 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээсэн байна. Өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар инфляцыг бууруулах мөнгөний бодлоготой нийцтэйгээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I болон II улирлын ээлжит хуралдаануудаар тэтгэврийн зээлийг зохицуулсан шат дараатай бодлогын шийдвэрүүдийг гаргасан. Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар зарим иргэдээс ирүүлсэн гомдол, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзсэн байна. Нөгөөтэйгүүр, тэтгэврийн зээлдэгч нарын хувьд өрийн дарамтаа зохистой түвшинд хязгаарлаж, хэт өндөр зээлийн дарамтаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь чухал болж байна.
Цаашид тэтгэвэр, тэтгэмж, халамжийн орлого барьцаалсан зээл, түүнээс шалтгаалсан өндөр настай иргэдийн амьжиргааны доройтол зэрэг асуудлыг салбарын яамны зүгээс анхааралдаа авах нь зүйтэй гэж Монголбанкнаас гаргасан мэдээлэлд онцолжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна