Зэсээ боловсруулснаар жилд 56 сая ам.долларын ашигтай ажиллах тооцоо гарчээ

ALs
2 цагийн өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон холбогдох албаны төлөөлөл өчигдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллажээ. 

Үйлдвэрийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, хэтийн төлөвтэй танилцлаа. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн үйл ажиллагаа, эдийн засгийн үзүүлэлт, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүд болон цаашдын зорилго, төлөвлөлтийн хэрэгжилтийг танилцуулав.    Эрдэнэт үйлдвэр геологийн нөөцийн нэмэгдэл, техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн бодлогыг түлхүү анхаар байна гэв. Зэсийн баяжмалаа биржээр арилжих, худалдан авах ажиллагаанд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх зэрэг шинэ санаачилга, зорилтыг хэрэгжүүлж эхэлжээ.

Сайд Г.Дамдинням  “Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулсан олон мянган анхдагчид, илгээлтийн эзэд,  одоо ажиллаж буй 7200 орчим уурхайчин, ажилтан, инженер техникийн ажилтнуудын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хот өдгөө ийнхүү хөгжиж байгаад Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэжээ. 

Үйлдвэрийн Захирал Г.Ёндон “Зэс боловсруулах цогцолбор” төслийн талаар танилцууллаа. Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 14 мега төслийн нэг болох уг төслийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Зэс боловсруулах цогцолбор” ХХК хариуцдаг. 

Жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 125.5 мянган тонн катодын зэс, мөнгө, алт болон хүхрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулна.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 762.3 сая ам.доллар жилд 1.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого, 56.8 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах тооцоо гарсан. Хөрөнгө оруулалтаа 7.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой юм. 

Үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг “China ENFI Engineering” компанитай хамтран боловсруулж, Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжүүлжээ.

Цаашид ТЭЗҮ-ийг тодотгох, үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө, төслийн баримт бичгүүдийг бүрдүүлж, олон улсын нээлттэй тендер зарлахаар бэлтгэж байна. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Зэс боловсруулах цогцолбор” төслийг эрчимжүүлж, улс орны эдийн засгийг төрөлжүүлэх, боловсруулах үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна