1-3 метр өндөр цунами Японы эргийг 10:00-13:00 цагт дайрах төлөвтэй байна

ALs
Өчигдөр, 09:16 минут

Өнөөдөр өглөө 8:25 цаг орчимд ОХУ-ын Камчаткийн хойгт 8.7 магнитудын асар хүчтэй газар хөдлөлт болов. Уг газар хөдлөлтөөс үүссэн 1-3 метрийн цунами Япон Улсын Хоккайдо мужаас Вакаяма мужийг хүртэлх Номхон далайн эргийг 10:00-13:00 цагт дайрах төлөвтэй байгаа талаар Япон Улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд сэрэмжлүүлжээ.

Японы Эн Эйч Кэй болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус цунамигийн талаарх мэдээг тасралтгүй мэдээлж, иргэдийг аюулгүй байдлаа хангахыг анхааруулж эхэлжээ.

Иймд манай иргэдээс Номхон далайн эрэг орчимд нам дор газар амьдардаг, аялал жуулчлалаар дээрх бүсэд зорчиж байгаа бол яаралтай урьдчилан сэргийлэх, нүүн шилжих арга хэмжээ авна уу.

Японы Метеорологийн агентлагаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр газар хөдлөлт, цунамитай тэмцэх асуудлын арга зүйч Ш.Киёмото иргэдэд хандан "Далайн эргийн бүсүүд болон далайд цутгадаг голын дагуу оршин суудаг иргэд өндөрлөг газар буюу бөх бат барилгын дээд давхар гэх мэт аюулгүй газарт нүүн шилжих”-ийг зөвлөв.

Тэрээр "Цунамигийн эхний давлагаа 10 цаг орчимд ирнэ. Давлагаанууд ар араасаа удаан хугацаанд давтагдах ба эхний давлагааны дараах нь илүү том байх магадлалтай. Иймд цунамигийн сэрэмжлүүлэг хүчингүй болох хүртэл анхаарал болгоомжтой байж, нүүн шилжсэн хэвээр байхыг зөвлөе" гэжээ.

Эх сурвалж: Токио, ЭСЯ, Консулын хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна