Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 09-ний 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулж буй.
2025 оны эхний хагас жилд “Эрдэнэс Тавантолгой” ХК сар бүр дунджаар 1.7 сая тонн нүүрс борлуулж байсан бол онцгой дэглэм тогтоосны дараа долоо болон наймдугаар сард энэ үзүүлэлт 2.7 сая тонн болж, өмнөх дундажтай харьцуулахад 1.6 дахин өсжээ.
Үүнээс наймдугаар сард биржээр 26 удаагийн дуудлага худалдаагаар 116.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 2.1 сая тонн нүүрс арилжаалж, биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж өмнөх сараас хоёр дахин өссөн байна.
Онцгой дэглэмийн хугацаанд тээврийн үйл ажиллагааг оновчлох замаар худалдан борлуулсан нүүрсийг хүргэж өгөх хугацааг 2-3 дахин бууруулжээ. 2023, 2024 онд байгуулсан боловч хэрэгжилт нь зогссон байсан 29 гэрээнээс 11-ийг шийдвэрлэж, хэрэгжилтийг хангуулж байна.
Засгийн газрын 2025 оны 26 дугаар тогтоол, Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллах үеэр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлээр төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байгаа аж.
Онцгой дэглэм тогтоосон эхний хоёр сарын хугацаанд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажилласнаар сарын дундаж борлуулалт 1.6, биржийн гэрээний тээвэрлэлт 1.5, экспорт 1.2, орлого 1.3, олборлолт 1.1 дахин тус тус нэмэгдэж онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал үндсэндээ арилж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна