Монголын эдийн засгийн форум-2025 “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагдаж байна. Нэг жилийн өмнө Л.Оюун-Эрдэнэ, Т.Гантөмөр, Т.Доржханд нар Төрийн ордны Их танхимд зэрэгцэн суугаад хамтарсан Засгийн газраа тунхаглаж байв.
Харин өнөөдөр тэдний хэн нь ч байсангүй.
Эдийн засгийн форумыг Ерөнхий сайд нээдэг уламжлалтай. Энэ дагуу Ерөнхий сайд Г.Занданшатар "Орчин үеийн Монгол, Монголоо дахин" агуутгая гэсэн сэдвээр нээлтийн илтгэлийг тавьж, дараа нь CNN сувгийн Ази Номхон далайн орнуудын сурвалжлагчтай англиар ярилцлаа.
г.Занданшатар "Монгол Улсад итгэж хөрөнгө оруулахаар хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монголын хүчирхэг оюун санаа эргэн сэргэсэн байхыг бид мэдэрч байна. Эрдэмтэн С.Дуламын нүүр номдоо бичсэнийг та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Монгол домог, бэлгэдэл зүйг судалдаг их эрдэмтэн "Монголын хүчирхэг оюун санаа сэрсэн болохыг ойрын үед мэдэрлээ" гэжээ.
Иргэд амьдрал сайжрах бодит үр дүнг, олон улсын байгууллагууд тогтвортой, нээлттэй, санхүүгийн сахилга баттай төрийн бодлогыг, хөрөнгө оруулагчид урьдчилан төлөвлөж болохуйц хариуцлагатай, нээлттэй, ил тод, тогтвортой орчныг хүсэж байна.
Ойрын 10 жилд бид, эдийн засгаа хоёр дахин өсгөх, ногоон бүсийг хоёр дахин нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өсгөх, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, цахим шилжилтийг хоёр дахин хурдасгах зорилт дэвшүүлж байна.
Засгийн газар ил тод, хариуцлагатайгаар ажиллана. Монгол байгалийн баялгаар дэлхийд эхний 10-т ордог, их гүрнүүдийн дундах эрдэнэсийн арал юм гэв.
Мөн тэрээр төрийн зардлаар хайгуулын ажлыг нь хийсэн, стратегийн ордын 34 хувийг төр эзэмшинэ. Хувийн хэвшил өөрийн зардлаар хайгуул хийсэн бол үүнд хамаарахгүй гэв.
Гэрэл зургийг Т.Бархас
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна