Монгол оюутнууд "Seeds for the future-2025" хөтөлбөрт оролцоно

ALs
2 цагийн өмнө

Мэдээлэл, харилцаа холбооны дэлхийн тэргүүлэгч компани “Хуавэй Технологи” ХХК-ийн зохион байгуулдаг “Seeds for the Future 2025” хөтөлбөрт Монголын оюутнууд оролцохоор батламжаа гардан авлаа.

Энэхүү хөтөлбөр нь мэдээллийн технологийн салбарын ирээдүй болсон залуусыг чадавхжуулах зорилготой бөгөөд энэ жил дэлхийн 15 орны 200 гаруй оюутныг хамруулах юм.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид 7 хоногийн эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж, 5G технологи, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн технологийн талаарх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлнэ.

Мөн Хуавэй компанийн технологийн үзэсгэлэнгийн танхимд зочлон, дэлхийн олон орны залуустай соёлын солилцоо хийх боломж бүрдэж байгаа нь тус хөтөлбөрийн онцлог юм.

Монгол Улс 2022 оноос эхлэн тус хөтөлбөрт идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, 2022 онд Монголын 28 оюутан дотооддоо зохион байгуулагдсан хөтөлбөрт хамрагдсан бол 2023 онд Катар улсын Доха хотод болсон хөтөлбөрт боловсролын салбарын 10 мэргэжилтэн оролцсон.

Цаашид “Хуавэй Технологи” ХХК нь Монгол Улсын Боловсролын яамтай хамтран ажиллаж, залуу инженерүүдийг сургаж, мэдээллийн технологийн салбарын экосистемийг хөгжүүлэх зорилготой. Энэ хүрээнд их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, мэргэжлийн сургалт, Хуавэй лабораториудад зочлох боломж олгохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: Боловсролын яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна