АНУ, Украины талууд удаан хэлэлцсэний дүнд ашигт малтмалын гэрээг байгууллаа

ALs
10 цагийн өмнө

Лхагва гарагт АНУ болон Украины талууд хоёр сарын турш хэлэлцсэн ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурлаа.

Талууд энэ оны эхнээс ашигт малтмалын гэрээ байгуулна хэмээн мэдээлж байсан ч гэрээний нөхцөлийг тодорхойлохын тулд маш удаан хэлэлцсэн. Түүнчлэн энэ оны хоёрдугаар сард Трамп, Зеленський нар Цагаан ордонд сөргөлдсөний улмаас энэ гэрээ байгуулах хугацаа хойшлоод байсан юм.

Гэрээнд АНУ-ын Сангийн сайд болон Украины шадар сайд нар гарын үсэг зурсан.

АНУ-ын Сангийн яамнаас гаргасан мэдэгдэлд “2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд талууд "АНУ-Украины сэргээн босголтын хөрөнгө оруулалтын сан" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.ОХУ-ын бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойш Украин улсын зэвсэгт хүчинд АНУ-ын ард түмнээс үзүүлсэн их хэмжээний санхүүгийн болон материаллаг дэмжлэгийг үнэлэн, энэ эдийн засгийн түншлэл нь хоёр улс хамтран ажиллаж, харилцан ашигтай хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлж байна. Ингэснээр хоёр улсын нөөц бололцоог нэгтгэн Украин улсын эдийн засгийг хурдан сэргээн босгоход түлхэц өгнө.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага дор Сангийн яам болон АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац нь Украин улсын Засгийн газартай гэрээний хэрэгжилтийн хүрээнд хамтран ажиллана.

Ерөнхийлөгч Трамп энх тайванд хүрэхийн төлөө уйгагүй зүтгэсний хүчинд өнөөдөр АНУ, Украины хооронд байгуулсан энэ түүхэн эдийн засгийн түншлэлийн гэрээг зарлаж байгаадаа баяртай байна” гэжээ.

Украины шадар сайд өөрийн цахим хуудаст бичсэнээр байгалийн нөөц нь Украины өмч хэвээр байх бөгөөд олборлолтыг хаана явуулахыг Киев шийдэх аж. Гэрээ 50/50 хувийн зарчмаар хэрэгжинэ гэв. Уг гэрээг Украины парламент батлах шаардлагатайг мөн онцолжээ.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна