Явган замын шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 20-нд дуусган улсын комисст хүлээлгэн өгнө

ALs
21 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд энэ онд 13 байршилд явган хүний замыг байгалийн чулуугаар шинэчилж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзжээ.

НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзоригийн мэдээлснээр, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замд шинэчлэл хийж байна. Нийт 210 мянган м² талбайгаас 65 мянган м² замыг өнөөдрийн байдлаар шинэчлээд байна гэв.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийт 13 байршилд 13 компани тендерт шалгарсан бөгөөд ажлын явц 50-95 орчим хувьтай үргэлжилж байна. Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө. Төлөвлөгөөнөөс хоцорч, удаашралтай ажилласан компаниудын гэрээг цуцална.

Шаардлагатай тохиолдолд шинэчилж дуусгаагүй байршлын ажлыг дараа жилд шилжүүлж, ирэх хавраас ажлыг үргэлжлүүлнэ. Одоогийн байдлаар хийгдэж буй явган хүний зам шинэчлэлийн ажил нь шугам, сүлжээний өргөтгөлийн ажилтай уялдаж байгаа. Тиймд, долоо хоног бүр гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон Геодези, усны барилга байгууламжийн газар, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох ажилтнуудтай уулзаж, тухай бүрд нь асуудлаа шийднэ” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна