#Шатар 38 настай Б.Мөнгөнтуул Пунад есөн өрөг тоглохдоо 2 хожиж, 2 тэнцэн, 5 хожигдож 3 оноотойгоор тэмцээнээ дуусгасан.
Олон Улсын шатрын холбоо /FIDE/-оос зохиодог "FIDE Women's Grand Prix" цувралын 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн Энэтхэг улсын Пуна хотод боллоо.
Дэлхийн шилдэг 10 шатарчин цугласан тэмцээний сүүлийн өргүүд өчигдөр болж үр дүн гарсан бөгөөд "The MongolZ" багийн тоглогч, дэлхийн чансааны #88, IM /Олон улсын Мастер/ Батхуягийн Мөнгөнтуул 10-р байрт тэмцээнээ дуусгаж €4,000 /16.4 сая төгрөг/ шагнал авлаа.
38 настай Б.Мөнгөнтуул Пунад есөн өрөг тоглохдоо 2 хожиж, 2 тэнцэн, 5 хожигдож 3 оноотойгоор тэмцээнээ дуусгасан. Ийнхүү тэрээр FIDE Women's Grand Prix 2025 оны улирлын хүснэгтэд 20 оноо цуглуулж нийт оноогоор 11-р байрт жагсаж эхэллээ. Түүний хувьд энэ улиралд оролцох Гран При тэмцээний тоо ийнхүү дуусаж байна.
Пунагийн Гран Прид Энэтхэгийн Конеру Хумпи, Хятадын Жу Жинер нар 7 оноотой түрүүлж оноо хуваав. Тэд 2025 оны хүснэгтийн 2 болон 3-р байрт дэвшив.
Хумпигийн хувьд оролцох Гран При тэмцээн нь дууссан ч "Women's Candidates 2026" тэмцээнд оролцох боломжоо хадгалж үлдлээ. Харин Жу "FIDE Women's Grand Prix 2025 - Grosslobming" тэмцээнээс оноо цуглуулах боломжтой юм.
2025 оны улиралд хамгийн их оноо цуглуулсан хоёр тамирчин "Women's Candidates 2026" тэмцээнд оролцож дэлхийн аваргын төлөө өрсөлдөх билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна