Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамжийн 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ

ALs
9 цагийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын зургаадугаар сарын 23-ны өдрийн шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлээс 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд инженерийн хангамжийн нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 2418 Гкал/ц боловч сүлжээнд холбогдсон ачаалал 3558,1 Гкал/ц буюу 31.8 хувийн хэтрэлттэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дулаан хангамжийн 13.5 км гол шугамын шинэчлэл, засварын ажил, 32 байршилд угсралтын ажил 37.5 хувийн гүйцэтгэлтэй. Их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд төлөвлөгөөт нийт 31 нэр төрлийн 88 багц ажлыг аравдугаар сарын 20-ны дотор хийж гүйцэтгэхээр төлөвлөж, ажлын гүйцэтгэл 20.6 хувьтай байна. Улаанбаатар хотын оршин суугчдыг ундны цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах чиглэлд нийт 27 төсөл, арга хэмжээ төлөвлөснөөс биелэлт 28 хувьтай байгаа” гэлээ.

Нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл хэрэгжиж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэг, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орсон. Нийслэлд 51 байршилд 100.2 км авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц 52 хувьтай хэрэгжиж байна. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 42 ширхэг лифтийг шинэчлэн солих ажил 50 хувьтай байгаа юм. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 240 ширхэг тусгай зориулалтын машин механизмын парк шинэчлэлт хийнэ. Нийтийн эзэмшлийн арчилгааны ажлын хүрээнд 157 га талбайд  хувийн хэвшлийн 17 ААНБ, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот таван газраас арчилгаа хийж байна.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна