БНХАУ-аас Монгол цэргийн алба хаагчдад 100 мянган тун вакцин хандивлалаа

ALs
2021 оны 2-р сарын 23 -нд

БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж хэлбэрээр Монгол Улсын Батлан хамгаалах яаманд коронавирусийн халдварын эсрэг вакцин хандивлалаа.

Энэ үеэр Элчин сайд Цай Вэньрүй, “БНХАУ-ын БХЯ-аас Монгол Улсын цэргийн алба хаагчдад зориулж 100 мянган тун коронавирусийн эсрэг вакцин хандивлаж байна. Монголчууд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж ярьдаг. Тэр ч утгаараа БНХАУ-д коронавирус дэгдэж, биднийг хүнд нөхцөлд ороод байхад Монгол Улс тэр дундаа Монгол цэргийн нэгдсэн холбооноос манай улсад гаднын анхны тусламжийг үзүүлсэн юм. Энэ бол хоёр улсын Батлан хамгаалах салбар ямар гүн гүнзгий нягт харилцаатай байдгийг харуулсан тод жишээ юм. Тиймээс бид та бүхний сайхан сэтгэлийн хариуд уг буцалтгүй тусламжийг үзүүлж байна. Хэдий манай улсад тус вакцины хэрэгцээ шаардлага өндөр байгаа ч энэ үйл явдал нь хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэл хийгээд ард түмний өнө удаан жилийн найрамдалт харилцааг бүрэн харуулж байна” гэж хэлсэн юм.

Дараа нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Хятадын ард түмэн, ХАЧА-ийн бүрэлдэхүүний сайхан сэтгэлийн тусыг эрхэм Элчин сайд та өөрийн биеэр хүрэлцэн ирж, бид бүхэнд гардуулан өгч байгаад маш их талархаж байна. Манай улс хэдий 10 гаруй сарын хугацаанд коронавирусийн халдварыг алдалгүй барьж чадсан ч өнгөрсөн 11 дүгээр сараас дотооддоо алдсан. Энэ бэрх цагт тус буцалтгүй тусламж нь хоёр улсын Батлан хамгаалах салбарын найрсаг харилцаа ямар өндөр түвшинд байдгийг бүс нутагт харуулсан тод жишээ боллоо. Бид тус вакцинаар эхний ээлжид цар тахлын голомтод ажиллаж байгаа цэргийн эмч, мэргэжилтнүүдээ хамруулахаар төлөвлөсөн. Цаашдаа нийт Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг шат дараатайгаар вакцинжуулах ажлыг хийх болно” гэлээ.

Элчин сайд Цай Вэньрүй коронавирусийн вакцины дээжийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт гардуулан өгсөн юм. БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн тус вакцин нь эмнэл зүйн гурван удаагийн туршилт, судалгаанд орж баталгаажаад байгаа бөгөөд ДЭМБ-аас ирэх сарын эхээр хүлээн зөвшөөрөх асуудлыг танилцуулахаар бэлтгэж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна