Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

ALs
2021 оны 2-р сарын 25 -нд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярьжээ. 

Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхийн төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Талууд цар тахлын нөхцөл байдлыг харгалзан дээд, өндөр түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны механизмуудын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэж санал нэгдэв.

Гадаад харилцааны сайд нар халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд урьдын адил анхаарал хандуулахын сацуу худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, худалдааг дэмжих, томоохон төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулах чиглэлээр хоёр талын үйл ажиллагааны уялдаа, мэдээлэл солилцоог идэвхжүүлэхээр тохиролцлоо.

Монгол Улсын Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж БНХАУ-ын Засгийн газраас 300 мянган тун вакциныг буцалтгүй тусламжаар олгосонд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг талархал илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятад, Оросын гурван талын хамтын ажиллагааны төслүүд болон бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар мөн санал солилцсон гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна