Нийслэлийн эрүүл мэндийн газрын шуурхай Ажлын хэсэг хуралдлаа

ALs
2021 оны 3-р сарын 06 -нд

Хот хоорондын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор коронавирусийн шинжилгээ авах цэгүүдийн ачаалал нэмэгдсэн. Шинжилгээний цэгүүдэд цаашид авах арга хэмжээ, зохион байгуулалтын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын шуурхай Ажлын хэсэг хуралдлаа.

Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улаанбаатар хотын хэмжээнд голомтын болон харуулдан тандалтын үйл ажиллагаа цогцоороо явагдаж байна. Ердийн өдөр төвийн дүүрэгт шинжилгээний 15, захын дүүрэгт гурван цэг ажилладаг. Дүүргүүдийн хэмжээнд ПСР шинжилгээний таван лаборатори ажилладаг бөгөөд 15 цэг өдөрт 6930 шинжилгээ авах хүчин чадалтай. Ачаалалтай өдөрт төвийн цэгийг 22 цэг болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр нэгдүгээр түвшинд  9870 хүнд, хоёрдугаар түвшинд хүчин чадлыг хангалттай нэмэгдүүлээд 19110 хүнд шинжилгээ хийж байна. Бид олон улсад нэвтэрсэн мэдээллтийн технологийн менежмент ашиглаж байгаа. Eruul.gerege.mn сайтаар тухайн сорьцыг хэзээ, хаана авсан, хэдэн цагт аль лабораторид хүргэсэн гэх мэт бүх мэдээллийг иргэд авах боломжтой болсон.

Даваа гарагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа. Уг нь бол бүх нийтээрээ амрах өдөр. Гэвч долоо хоногийн өмнөөс иргэд цаг авч, 5560 хүн цаг авчихсан байна. Иймээс хэдий амралтын өдөр хэдий ч цаг авсан иргэдээ хүндэтгээд тэднээс шинжилгээ авна. Нэмж цаг авахгүй байхаар тохируулсан” гэв.

Мөн халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, амны хаалтаа зүүж, олон нийтийн газар аль болох очихгүй, олноороо цугласан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг уриаллаа. Түүнчлэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нийслэлийнхний эрүүл мэндийн төлөө унтах нойр, амрах цагийг умартан ажиллаж байгаа салбарынхаа бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна