Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр хүний эрх зөрчигдөхгүй байхад анхаарахыг онцлов

ALs
2021 оны 3-р сарын 10 -нд

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, Д.Сүнжид, Б.Энхболд нар 2021 оны 3 дугаар сарын 9-нд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нартай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын 28 дугаар тойргийн (нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх) нөхөн сонгуулийн үед анхаарах хүний эрхийн асуудлаар санал солилцлоо.

157252864_160341869252575_1106919274254160277_n.jpg

Уулзалтаар холбогдох дүрэм, журмыг хугацаанд нь гаргах, олон нийтэд сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй болон эрх нь хязгаарлагдсан хүмүүс, гадаадад суугаа Монголчууд, коронавируст халдвар (Ковид-19)-ын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан иргэдийн сонгох эрхийг хангах, мөн нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа хүний эрхийн зарчимд нийцсэн байх, сонгуулийн сурталчилгааны явцад нэр дэвшигчтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэх, албадлага хэрэглэх, баривчлах, цагдан хорих зэргээр сонгогдох эрхэд халдахгүй байх нөхцөлийг эртнээс бүрдүүлж ажиллахыг санууллаа. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотыг баримталсан эсэхийг улс төрийн намуудыг бүртгэх үед хянах, иргэдийн өргөдөл, гомдлыг хамтран шийдвэрлэх зэрэг асуудлыг ч уулзалтын үеэр хөндсөн юм.

Түүнчлэн СЕХ-нд сонгогчдын боловсролыг дэмжих нэгж байгуулагдсаныг сайшаан иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, сонгуулийн үеэр иргэдийн үндсэн эрх болох сонгох, сонгогдох эрх зөрчигдөхгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч, цаашид сонгуулийг цахим байдлаар явуулах асуудлаар ярилцаж, зөвшилцөв.

ХЭҮК-ын гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг байлцуулан санал тоолох автомат хэрэгслийн ажиллагаатай танилцахаар төлөвлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болон УИХ-ын 28 дугаар тойргийн (нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх) нөхөн сонгуулийн үед Хүний эрхийн Үндэсний Комиссоос хяналт тавьж, хамтран ажиллах бөгөөд Ажлын хэсгийг ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, Х.Мөнхзул нар ахална.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна