Б.ТҮВШИНЖАРГАЛ: СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ, ДААТГАЛААР ҮЙЛЧЛЭХ ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ТОО, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭМНЭ

Отгоо
2021 оны 3-р сарын 10 -нд

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар. Олон нийттэй харилцах хэлтэс. Ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргалаас эрүүл мэндийн даатгалаар үйлчилж буй хувийн эмнэлгүүдтэй холбоотой асуудлаар тодрууллаа.

-Хувийн хэвшлийн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх болсон. Даатгалаар үйлчлэх хувийн эмнэлгүүдийг өргөжүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг сонгон шалгаруулалтаар шалгаруулж, хамтран ажиллах болсныг иргэд мэднэ. Одоогийн байдлаар хуучин, гэрээтэй байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 03 дугаар тогтоолыг баталсан. Үүнтэй холбогдуулж хувийн эмнэлгүүдийн эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх тусламж үйлчилгээнүүдийг нэмэлтээр оруулж ирнэ. Мөн сонгон шалгаруулалт зарлаж, хувийн эмнэлгүүдийг нэмж оруулж ирнэ. Одоогоор уг ажил хараахан хэрэгжээгүй байна.

-Эрүүл мэндийн даатгалд ямар тусламж үйлчилгээнүүд хамаарах вэ. Эрүүл мэндийн даатгалаас даах үйлчилгээний үнийн хязгаар ямар байгаа вэ?

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөлд амбулаторийн тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээ, өдрийн эмчилгээ, диализны тусламж үйлчилгээ, хөнгөвчлөх, хэвтүүлэн эмчлэх, сэргээн засах, уламжлалт анагаах ухаан, яаралтай тусламж, түргэн тусламж зэрэг тусламж үйлчилгээний төрлийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байна. Эдгээр нь дотроо задраад маш олон төрлөөр хуваагдаж байгаа. Тухайлбал, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ дотор эрчимт эмчилгээ, эмийн эмчилгээ, мэс засал, эрхтэн шилжүүлэх мэс засал, хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх хими, туяа эмчилгээ багтана.Эрүүл мэндийн даатгалаас даатгуулагч иргэнд үзүүлэх тусламж үйлчилгээний үнийн дээд хязгаар 113 сая 628 мянган төгрөг хүртэлх юм. Энэ нь дээр өгүүлсэн тусламж үйлчилгээ, эмчилгээнээс гадна эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал байгаа. Ер нь тухайн өвчтөний оношийн жин, өртгийн бүлгээс хамаарч эрүүл мэндийн даатгалаас гаргаж байгаа даатгалын хөнгөлөлт харилцан адилгүй байдаг. Тухайлбал, хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ буюу тархины шигдээс, тархины артерийн нарийсал гэсэн оношийн үед даатгалын сангаас нийт 719 мянга 976 төгрөгийг гаргана. Даатгуулагч иргэний төлөх мөнгө тэг төгрөг.

-Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлж байгаа тохиолдолд хувийн эмнэлэг үйлчлүүлэгчээс нэмэлт төлбөр шаардах ёстой юу?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журам гэж бий. Мөн 03 дугаар тогтоолын хавсралтаар мөнгөн дүнгүүдийг батлаад өгчихсөн байгаа. Уг жагсаалт, зохицуулалтын хүрээнд даатгалын хөнгөлөлт, нэмэлт төлбөрийн асуудал шийдэгдэнэ. Эмнэлгүүд дээрх зохицуулалтаар батлаад өгчихсөн мөнгөн дүнгээс өөр нэмэлт төлбөр авах ёсгүй. Хэрэв ийм асуудал үүсгэвэл хариуцлага тооцох механизм бий. Зарим даатгуулагч “Энэ хүн огт төлбөр төлөхгүй байхад би яагаад төлбөр төлөх ёстой юм бэ” гэж гомдол гаргаж байж магадгүй. Энэ нь тухайн өвчний онош, бүлэг, эмчилгээний зардлаас хамаараад зарим нэг өвчин дээр хамтын төлбөр буюу иргэнээс төлөх төлбөр байгааг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр иргэний онош даатгалд бүрэн хамаарах уу, нэмэлт ямар мөнгөн дүн төлөх ёстой гэдгийг тухайн иргэний эрүүл мэндийн онош тодорсны дараагаар эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагч иргэддээ тайлбарлаад хэлэх ёстой. Мөн эрүүл мэндийн байгууллагууд маань төлбөрийн хэмжээг ил тодоор, даатуулагч иргэдэд харагдахаар байрлуулсан байх хэрэгтэй.

-Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлж байгаа тохиолдолд хувийн эмнэлэг иргэнээс нэмэлт бичиг баримт, тодорхойлолт авчрахыг шаардах уу. Ямар бичиг баримтуудыг үндэслэн үйлчилгээ үзүүлэх ёстой вэ?

иргэд маань юун түрүүн анхан шатны эмнэлгээр үйлчлүүлэх ёстой. ингээд дараагийн шатлалын эмнэлэгт онош тодруулах, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэвэл 13Ахэмээх маягтыг даатуулагч иргэн өрхийн эмнэлгээс заавал авах учиртай. Мэдээж амбулаторийн карттайгаа дараагийн шатлалын эмнэлэгт очно. Гэхдээ бүх онош, эмчилгээн дээр 13Амаягтыг шаардахгүй. Зарим төрлийн тусламж үйлчилгээн дээр тус маягтыг шаардахгүйгээр дараагийн шатлалын эмнэлэгт очих боломжтой. Маягт шаардахгүйгээр очиж болох өвчнүүд гэвэл өдрийн мэс засал, шүдний эмчилгээ, хяналтын үзлэг(хавдар, халдвартын өвчнүүд),сэтгэц, гэмтэл, жирэмсний хяналтууд, гемолизын тусламж үйлчилгээ, хараагаа үзүүлэх, эмнэлгийн акт маягт авах зэрэгт 13Амаягтгүйгээр үзүүлж болно. Өдрийн мэс засал гэдэг нь эмнэлэгт заавал хэвтэх шаардлагагүйгээр хөнгөн идээт буглаанууд, гэмтлийн хадаас авах зэрэг мэс ажилбарууд юм.

Хамгийн гол нь даатуулагч иргэд маань эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн байх ёстой. ингэж байж тусламж үйлчилгээ авах эрх нээгдэнэ. Эрүүл мэндийн даатгал маань 2016 оноос эхлээд заавал төлөх даатгал болсон учир даатуулагч иргэн дээрх оноос эхлээд одоог хүртэлх шимтгэлээ бүрэн төлсөн байх ёстой. Шимтгэл сарын 4200, жилийн 50400 төгрөг байгаа.

-Хувийн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх болсонтой холбоотойгоор иргэд сайн гэсэн томоохон хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлэх сонирхол нэмэгдэж ачаалал, дараалал үүсгэж байна гэж сонссон. Ер нь хувийн эмнэлгүүдийн ачаалал хэрхэн өссөн бэ?

-Хувийн эмнэлгийн ачаалал нэмэгдээд, дараалал үүссэн зүйл байхгүй. Яагаад гэвэл одоогоор хувийн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар үзүүлж болж байгаа тусламж үйлчилгээ гэвэл урьдчилан сэргийлэх үзлэгүүд, элэгний В,С вирус тоолох, хэвтүүлэн эмчлэх зэрэг тусламж үйлчилгээнүүд байна. Тэгэхээр одоогийн байдлаар эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдэлж тусламж үйлчилгээ авах зорилгоор хувийн эмнэлэг рүү хошуураад ачаалал үүсгээд байх магадлал бага. Харин удахгүй сонгон шалгаруулалт зарлаад, тэнцсэн эмнэлгүүд ороод эхлэхээр хувийн эмнэлгээр үзүүлэх тусламж үйлчилгээнүүд нэмэгдэнэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний өртгийн судалгааг хийж хувь болон улсын эмнэлгийн суурь тарифыг ижил түвшинд аваачсан байгаа. Суурь тариф нь 850 мянган төгрөг юм. Гэхдээ бүх өвчний эмчилгээ үйлчилгээнд ингэж хөнгөлөхгүй. Тухайн оношийн хамааралтай бүлэгт багтах өвчин эмгэгийг эмчлэхэд санхүүжүүлэх суурь тариф гэж ойлгож болно. Эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх хувийн болон улсын эмнэлгийн суурь тариф ижил болсон учир өрсөлдөөн ижил байх болно. Хаана чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлж байгааг даатгуулагч иргэн өөрөө сонгоно.

Г.БАТ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна