Архангай аймаг Улаанбаатараас очих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

ALs
2021 оны 3-р сарын 13 -нд

Архангай аймаг руу Улаанбаатар  хот болон халдварын голомт бүхий бүс нутгаас  очих иргэдийн зөвшөөрөгдсөнөөс бусад хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлалаа гэж тус аймгийн онцгой комиссоос мэдээллээ.


Энэ тухай өнөөдөр Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын хурлаар хэлэлцэж, захирамжаар 2021 оны гуравдугаар сарын 13-31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотоос Архангай аймагт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, зөвхөн зөвшөөрөгдснөөс бусад тээврийн хэрэгслээр зорчихыг хоригложээ.

Тодруулбал, хүнс тээвэр, ачаа тээвэр, шатахуун, өвс тэжээлийн тээвэр болон буяны ажилд оролцох үед тусгай зөвшөөрлийн дагуу нэвтрүүлнэ.

Харин PCR шинжилгээний хариу нь баталгаажсан, зөвхөн Архангайн харъяалалтай иргэд нийтийн тээврээр зорчих хөдөлгөөн хийхийг зөвшөөрөх юм. Нийтийн тээвэр нь Улаанбаатар-Архангай чиглэлд өдөрт 08:00 цаг, 14:00 цагуудад зорчих бөгөөд халдвар хамгааллын дэглэмийн дагуу зорчих юм. Мөн нэн шаардлагагүй тохиолдолд нийслэл хот болон голомтын бүс рүү зорчихгүй байхыг Аймгийн онцгой комиссоос анхаарууллаа.

Эх сурвалж: Архангай аймгийн онцгой комисс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна