Хотын даргын оронд явагдах УИХ-ын нөхөн сонгуулийг 10 дугаар сарын 10-нд товлолоо

ALs
2021 оны 3-р сарын 18 -нд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотыг захирагчаар томилсон билээ.

Тиймээс  тус тойрогт нөхөн сонгууль явагдахаар болсон. Гурван мандаттай тус тойргоос Д.Сумъяабазартай хамт Н.Учрал, П.Анужин нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

Өмнө нь УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай нэг өдөр явуулахаар болоод байв. СЕХ-ноос тухайн үед дээрх хоёр сонгуулийг тусад нь зохион байгуулах бол нэг тэрбум гаруй төгрөг шаардлагатай. Харин хамт зохион байгуулбал нөхөн сонгуулийг 100 орчим сая төгрөгт багтаан зохион байгуулах зардлын тооцоог гаргаад байсан юм. 

Харин өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар техникийн хүндрэл үүсэж болзошгүй гэсэн үндэслэлээр уг сонгуулийн санал хураалт явуулах өдрийг өөрчлөх тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явуулах тогтоолын төсөл боловсруулжээ. Гишүүдийн олонх уг тогтоолын төслийг дэмжиж, батлав. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна