ХНХЯ: Иж бүрэн тохижуулсан Шалгалтын төвтэй боллоо

ALs
2021 оны 3-р сарын 21 -нд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв үнэлгээ баталгаажуулалтын чиг үүргээ хэрэгжүүлэх иж бүрэн тохижуулсан Шалгалтын төвтэй болж нээлтийг цахимаар зохион байгууллаа.

Шалгалтын төвийг Азийн хөгжлийн банкны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-өөс санхүүжүүлсэн бөгөөд иж бүрэн тохижуулж, компьютер, тоног төхөөрөмжөөр хангав. Тус төвд Мэргэшлийн түвшин тогтоох онолын үнэлгээг тестийн сан, онлайн шалгалтын систем ашиглан зохион байгуулах юм. Мөн мэргэжлийн сургалтын байгууллагын ижил мэргэжлээр төгсөгчдийн онолын мэдлэгийн үнэлгээ, иргэний мэргэшлийн түвшин тогтоох үнэлгээг графикийн дагуу зохион байгуулна.

Шалгалтын төв нь сургалтын хоёр танхимтай бөгөөд Мэргэжлийн зөвлөл, холбоод ажил олгогч нар  салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалтуудыг чанар, хүртээмжтэй зохион байгуулах ая, тухтай орчин бүрдлээ.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас Нээлтийн ёслолыг цахимаар зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа,  Азийн хөгжлийн банкны “Хөдөлмөр эрхлэх, ур чадварыг дэмжих төсөл”-ийн Зохицуулагч Б.Бямбадорж, албаны болон мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл, салбарын албан хаагчид оролцлоо гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна