Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон дүүргийн Эрүүл мэндийн төвүүд дэх ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзлаа.
Тус уулзалтанд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар оролцсон бөгөөд ӨЭМТ-ийн тулгамдаж буй асуудал, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үйлчлүүлэгч иргэд болон өрхийн эрүүл мэндийн өнөөгийн байдлын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Ковид-19” халдварт цар тахлын энэ үед томуу, томуу төст өвчнийг эрсдэл багатай даван туулах зорилго тавьж, ЭМЯ-ын Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг нэгдмэл зохион байгуулалттай ажиллаж байгааг Эрүүл мэндийн сайд онцолсон байна.
Уулзалтанд оролцсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн зүгээс “ӨЭМТ–ийн санхүүжилт 2 дахин нэмэгдсэн нь тусламж үйлчилгээг өргөтгөх, ажиллаж буй багийн нийгмийн асуудлыг шийдэхэд томоохон түлхэц болсныг дурьдаж, тулгамдаж буй зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо солилцлоо.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэ хүрээнд ӨЭМТ-ийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудал харьцангуй сайн шийдэгдсэн төдийгүй барилга бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, эмч ажиллагсадын чадавхи, нөөц бололцоонд анхаарч, хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр зорьж ажиллаж буйгаа дуулгасан юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна