Шинэ нисэх буудлыг долоодугаар сарын 1-нд нээхээр ажиллаж байна

ALs
2021 оны 3-р сарын 27 -нд

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлж буй “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн гүйцэтгэх захирал Като Такэотай цахим уулзалт хийлээ.

Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн төлөөлөл оролцож “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээний асуудлуудаар санал, мэдээлэл солилцов.

Тус компаниас шинэ нисэх буудалд шилжүүлэн авч ажиллуулах ажилтнууд болон энэхүү ажилтай холбоотой хийгдэж буй үйл ажиллагааны явц, мөн арилжааны нислэгийг шилжүүлэх төлөвлөгөөний талаар танилцууллаа.

Сайд Л.Халтар арилжааны нислэгийг шилжүүлэхтэй холбоотой асуудлыг Концессын гэрээ болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж байр сууриа илэрхийлэв.

Цар тахлын улмаас “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг ирэх долоодугаар сарын 01-нд багтаан эхлүүлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан бөгөөд энэ хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр холбогдох байгууллагууд идэвхийлэн хамтран ажиллаж байна хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна