Б.Ууганбат: Иргэн өөрийгөө ойрын хавьтал болсон гэдгийг тодорхойлохгүй

ALs
2021 оны 4-р сарын 09 -нд

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар болон “Ковид 19” халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Иргэдээс дөрөвдүгээр сарын 2-8-ны хооронд нийт 2255 дуудлага ирснээс 2181 буюу 96.7 хувьд нь амжилттай үйлчилж ажиллалаа. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 735 буюу 33.7 хувийг эзэлжээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.27 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 285 иргэн хандсанаас 111 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 174 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа зарим асуултад хариулт өглөө.  

-ПСР шинжилгээний хэдэн цэг ажиллаж байна вэ?

-ПСР шинжилгээний байнгын 11 цэг ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд цаг авсан иргэдээс шинжилгээ авч, ажиллаж байна. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд маань eruul.gerege.mn сайтаас шинжилгээний цаг авч, үйлчлүүлэх юм. Хөдөө, орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл, тээвэр, уул уурхай, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдээс коронавирусийн халдвар илрүүлэх ПСР шинжилгээ авах явуулын гурван цэг өдөр бүр 10:00-17:00 цаг хүртэл дараах байршилд ажиллаж байна. Үүнд:

  • Авто худалдааны цогцолбор /Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд/
  • “Буянт-Ухаа” спортын ордон /Нисэхийн тойргоор урагшаа эргэхгүй, чигээрээ 100 орчим метр явж урагшаа эргэж орно/
  • “Баянзүрх” авто оношилгооны төв /Баянзүрх дүүргийн 8-р хороонд/

Дээр дурдсан шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд шинжилгээнд хамрагдахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

  • Иргэний үнэмлэх
  • Зорчих аймгийн Онцгой комиссын зөвшөөрөл
  • Нас барсны гэрчилгээ /Буяны ажлаар явах тохиолдолд/

-50-аас дээш насны иргэд дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ?

-50-аас дээш насны иргэдийг хаана, хэзээ дархлаажуулалтад хамрагдах тухай мэдээллийг хорооноос холбогдож хүргүүлнэ. 18-50 насны иргэд өөрийн харьяа дархлаажуулалтын цэг дээр очиж, очсон дарааллын дагуу дархлаажуулалтад хамрагдаж байгаа. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-13:00, 13:00-18:00 цагийн хооронд ажиллана. 13:00-14:00 цагийн хооронд өрөө, тасалгааг халдваргүйжүүлэх ажил хийгдэх юм. Мөн нэгдүгээр тунгаа хотод хийлгэсэн бол  хоёр дахь тунгаа хөдөө орон нутагтаа хийлгэж болно. Эрүүл мэндийн нэгдсэн нэг системд бүртгэж байгаа тул асуудалгүй вакциндаа хамрагдаж болно.

-Коронавирусийн халдвар авсан нь тогтоогдвол хаана хандах вэ?

-“Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд 80086829 дугаарт залгаж мэдэгдэнэ. Дуудлагын дагуу шинжилгээний баг /Тагнуул, Эрүүгийн цагдаа, ХӨСҮТ-ийн хамтарсан баг очиж, асуумж бөглүүлэн биеийн байдлыг тодорхойлж байгаа. Биеийн байдлыг тодорхойлоод хөнгөн тохиолдолд гэрээр нь тусгаарлаж, eruul.gerege.mn дээр бүртгэн харьяа дүүргийн эрүүл мэндийн газраас хяналтдаа авч, зөвлөгөө мэдээллээр хангана. Биеийн байдал хүнд байвал ХӨСҮТ рүү авч явах юм. Хамтарсан баг очиж үзэх хүртэл гэртээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй.

Ойрын хавьтал болсон иргэн гэртээ өөрийгөө тусгаарлах бөгөөд дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж шинжилгээ авч, зөвлөгөө өгнө. Гэртээ аль болох бусад өрхийн гишүүнээс өөрийгөө тусгаарлаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй. Ойрын хавьтал болсон иргэнийг эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлох бөгөөд иргэн өөрийгөө ойрын хавьтал болсон гэдгийг тодорхойлохгүй.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна