АМЬДРАЛАА Ч АСАР ТОМ ХҮЛГИЙГ Ч ЖОЛООДОГЧ БҮСГҮЙ

ALs
2021 оны 4-р сарын 16 -нд

АМЬДРАЛАА Ч АСАР ТОМ ХҮЛГИЙГ Ч ЖОЛООДОГЧ БҮСГҮЙ

Одооны залуус тансаг байранд амьдрах хүсэлтэй. Бүгд л банкны зээлтэй. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөж, олсон хэдэн төгрөгөө банкинд тушаачихна. 20 гаруй жилийн турш өртэй амьдарч байгаа хүүхдүүдээ харахаар өрөвдөх юм. Орон сууцанд амьдарвал аз жаргалтай болчих юм шиг бодно. Болдогсон бол энэ хэдийгээ монгол гэрт амьдруулчих юм сан" гэж 70 гаруй настай буурай халаглан ярьж суухыг сонсож билээ. Буурлын хэлсэн үгийг дүгнэхэд үнэний ортой байж ч мэдэх юм.
 
Таван ханатай гэрийг сайхан тохижуулаад тав тухтай амьдрах боломж уг нь бидэнд бий. Гэвч төдийлөн гэрийг ойшооодоггүй. Бүгд л орон сууцанд амьдрах сонирхолтой байдаг нь нууц биш. Тэгвэл монгол гэрийг яг л байр шиг тохижуулан, гал түлэхгүй халаалтаа шийдэж, хачин сайхан амьдардаг үлгэр жишээч бүсгүйг Т. Энх-Амар гэдэг. 25 настай. Өмнөговь аймгийн Ханбогд суманд хүүгийнхээ хамт монгол гэрийг орчин үеийн шийдлээр тохижуулан амьдарч байна. Гэрт нь ороход тав тух, эмх цэгцтэй, цэвэрхэн саруулхан орчин биднийг угтлаа.
Шалны халаалт тавиулсан болохоор гал түлэхгүй. Ээлжийн ажил хийдэг учраас түлээ нүүрсний ч асуудал гэж санаа зоволгүй ажилдаа анхаарал хандуулдаг гэдгээ онцолсон юм. Тэрээр "Орчин үед гэрийг ямар ч дизайнтай болгоод амьдрах боломж бүрдчихсэн цаг үед амьдарч байна. Анх найзаасаа гэрийнхээ халаалтыг хэрхэн шийдэх санааг аваад хэрэгжүүлсэн.
Тэгээд гэртээ тавилга захиалж, хийлгээд тав тухтай орчинг бүрдүүлсэн дээ. Өвлийн улиралд ч даарахгүй. Хүү маань хөл нүцгэн тоглоод л гүйнэ. Гэртээ байх үедээ халаалт байнгын асаалттай. Тогны мөнгө ч боломжийн гардаг. Миний ажил ээлжийнх учир дөрөв хоног гэртээ, дөрөв хоног ажил дээрээ байрладаг. Тэгэхээр сард 15 хоног тасралтгүй цахилгаан хэрэглэнэ. 25000 төгрөгийн төлбөр төлдөг. Түлээ нүүрс гэхгүй амар л байна.
 
Ариун цэвэр болон угаалгын өрөөг хананаасаа хаалга гаргаад сендвич юм уу, тоосго, блокоор бариад давхар шийдэх боломжтой. Би ирэх хавраас тэгэх бодолтой байна. Заавал орон сууцанд амьдрах гэж их хэмжээний зээлийн дарамттай амьдарч байснаас монгол гэрийг хүссэнээрээ тохижуулаад амьдрах боломжтой гэдгийг залуустаа хандаж хэлмээр байна" гэв.
 

-“Том машины жолоочоос цаг тутамд анхаарал, ур чадвар шаарддаг"-
 

Тэрээр Монгол улсын хөгжилд хүнд даацын "Комацу 930" машин барьж хувь нэмрээ оруулж яваа хөдөлмөрч бүсгүй. Түүний барьдаг машины өөрийнх нь жин 250 тонн. Харин 330 тоннын ачаа ачдаг. Хэн хүний зүрхэлж барихгүй том төмөр хүлгийг жолооддог тэрээр ирээдүйд гаднын уурхайд очиж ажиллах мөрөөдөлтэй.
Том машин барихад ямар байдаг талаар асуухад "Жолоочоос ур чадвар, анхаарал, хяналт цаг тутамд шаарддаг хариуцлагатай ажил. Жаахан анхаарал сулрах юм бол аюул дагуулж, амь насанд ч эрсдэл учруулна. Дуу чимээ ихтэй. Аргагүй дээ, том машин юм чинь. Бороо, цас орохгүй л бол нэг их асуудал гардаггүй. Бороо, цастай үед гулгаж, хальтираад хэцүүхэн. Бороо орохоор л их айдаг. Нэг удаа гүнийн томилолт авсан юм. Гэтэл хальтирч гулгаад айсандаа ахлахаа дуудаж буулгуулж байсан. Бараг уйлах дөхсөн шүү. Машинд эвдрэл гэмтэл гарлаа гэхэд дэлгэцэн дээр ямар гэмтэл гарсан нь гарч ирдэг. Тэгээд л цаг алдалгүй засварын хэлтэст мэдээлэл өгөөд янзлуулдаг. Ажил хийх нөхцөл байдал, цалин хангамж маш сайтай.
 
 
Оюутолгойд ажиллаж, эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцож, хүнд даацын машин барьдгаараа бахархдаг. Ургахын улаан нартай уралдан босч ундаа ууснаар миний ажлын нэг өдөр эхэлнэ. Хуралдаа сууж, хийх ажлынхаа томилгоог аваад дампаа унаад давхиж өгнө. Манай хамт олон бие биедээ үргэлж тусалж дэмждэг учраас тэднээсээ эрч хүчийг авдаг. Оюутолгойд ажиллаад таван жил болж байна. Цалин хангамж сайтай учраас илүү их хичээж ажиллахыг зорьдог" гэв. Түүний хэлж буй үг бүрээс ажилдаа зүтгэл гаргаж, зүрх сэтгэлээ зориулан ажилладаг нь мэдрэгдэж байлаа.
 

-“Чихэр биш дэвтэрт дуртай хүү”-
 

Хүний амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн байдаг. Хайрлаж, дурлаж хамтдаа хөтлөлцөж, хоёр биенээ түшиж, аз жаргалтай элэг бүтэн, ханьтайгаа эрхлэлдэн амьдарч байсан үе түүнд бий. Гэвч өөрөөсөө илүү хайрладаг байсан хань нь нэг л өдөр юу ч болоогүй юм шиг яваад өгсөн гэдэг. Тэрээр тийм зүйл болно гэж бодоо ч үгүй, зүүдлээ ч үгүй явсан. Гэтэл нэг л өдөр итгэлийн багана нь нуран унасан гэдгээ ч тэрбээр хэлж байлаа. "Хүүгээ ч тоохгүй хаяж яваад өөр эмэгтэйтэй гэрлэчихээр нь "Хайр ямар хямдхан юм бэ" гэх бодол төрсөн.
Хүү минь аавдаа амь, их хайртай байсан. Хааяа ганцаараа тоглож байхдаа "Аавтайгаа хамт энэ тоглоомоор тоглодог байсан" гэх үгийг сонсоод сэтгэл өмөрч, өөрийн эрхгүй хүүгээ өрөвддөг юм. Гэхдээ би хүүгээ аавын хайраар дутаахгүй аз жаргалтай амьдруулахсан гэж зүтгэж явна. Элдвийг эргэцүүлэн бодоход энэ хорвоо дээр эхийн хайр шиг үнэнч сэтгэл хаана ч байхгүй" гэдгийг Т.Энх-Амар бүсгүй хоёр нүдэндээ нулимстай, хоолой зангируулан хэлж байв. "Би хүүгийнхээ аавд гомддоггүй. Харин ч надад ээж гэх эрхэм алдрыг өгч, хүүгийнхээ төлөө илүү их эрч хүчтэй ажиллаж, амьдрах хүч бэлэглэсэн" гэх хэдхэн үгнээс эмэгтэй хүний зүрх үргэлж, үрийнхээ төлөө цохилдог гэдгийг харж болохоор...
 
Тэрбээр дөрвөн өдөр ажиллаж дөрвөн өдөр амардаг. Амралтын өдрүүдэд хүүтэйгээ хамт тоглож, ярилцаж өнгөрүүлдэг гэнэ. Хүүгийнхээ талаар "Миний хүү чинь ээждээ үргэлж аз жаргал, хайр, инээмсэглэл бэлэглэдэг. Даруухан, томоотой, сэргэлэн хүүхэд. Намайг ер зовоодоггүй. Дэлгүүрт дагуулаад орохоор "чихэр авъя" гэдэггүй. Дэвтэр ном авахуулна. Зурж, будах их сонирхолтой. Жаахан гэлтгүй ээжтэйгээ чин сэтгэлээсээ нээлттэй ярилцдаг хэрсүү хүү дээ" гэв.
 
Нээрээ ч хөөрхөн хүү нь ээжийнхээ өмөг түшиг болох гэж хорвоод мэндэлсэн юм чинь тэгэхээс өөр яалтай билээ. Удахгүй хүү нь уулыг өргөх хүчтэй эр хүн болчихоод ээжийнхээ ачийг хариулах өдөр ирж л таарна. Гэрэлтсэн нүдтэй жаахан бор хүүгийнхээ төлөө бүх зүйлийг гэгээнээр хардаг ажилсаг бүсгүйн амьдрал аз жаргалаар, ажил нь амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
 
эх сурвалж: uzeg.info.mn С.Ичинхорлоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна