Хөвсгөл аймагт өнгөрсөн шөнө 4.2 болон 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

ALs
2021 оны 4-р сарын 16 -нд

Хөвсгөл аймагт өнгөрсөн шөнө хоёр удаа газар хөдөлжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 00:42 цагт 5.1 магнитудын хүчтэй, 03:46 цагт 4.2 магнитудын хүчтэй давтан газар хөдлөлт болсон тухай ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад "Сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй" хэмээн мэдэгдсэн гэж Онцгой байдлыг ерөнхий газраас мэдээллээ.

2021 он гарсаар Хөвсгөл аймагт анх нэгдүгээр сарын 12-ны өдөр 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь Улаанбаатар хотод мэдрэгдсэн.

Түүнээс хойш удаа дараа тус аймагт давтан газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээд буй билээ.

ЗӨВЛӨМЖ

Газар хөдлөлтийн аюул тохиолдохоос өмнө юу хийх вэ?

  • орон сууцанд амьдардаг бол аюулгүй байршлыг урьдчилан тогтоох Жишээлбэл, даацын хана, багана, арк, ариун цэврийн өрөө, хаалга гэх мэтээр
  • эд хогшлыг бэхлэх 
  • бичиг баримтыг хамтад нь хадгалах, гадагш гарахад шуурхай авах боломжтой газар хадгалах
  • аюулгүй байршилд шуурхай хоргодох дадлагыг гэр бүлийн гишүүн бүр хамтдаа хийх
  • удаан хадгалах боломжтой хоол хүнсний нөөц бүрдүүлэх 
  • ус нөөцлөх
  • гар чийдэн, шүгэл, эмийн сан, скоч зэрэг шаардлагатай бусад зүйлийг бэлтгэх
  • химийн бодио, тэсэрч дэлбэрэх зүйлийг хадгалахгүй байх 
  • хувцас, гутал бэлтгэх 

Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед юу хийх вэ?

Барилга нураагүй үед:

  • газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед айж, сандрахгүй, тайван байх
  • суу, нуугд, хүлээ зарчмыг дагаж мөрдөх
  • аюулгүй байршилд яаралтай хорогдох
  • газар хөдлөлтийн чичирхийлэл дууссаны дараа гэр бүлээрээ гадагш аюулгүй талбайд очих
  • гадагш гарахдаа аваарын шат ашиглах
  • цахилгаан шат ашиглахгүй байх 
  • гадагш гарахдаа гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй зарчмыг дагах
  • бичиг баримт, хоол хүнсийг авч гарах
  • захиргааны байгууллагад бүртгүүлэх
  • утсаар ярихгүй байх 
  • радио сонсох
  • цахилгаан, хий, усны шугамд гэмтэл гарсан бол эх үүсвэрийг хаах, салгаад гадагш гарах 

Барилга нурсан үед:

  • нуранги дор тайван байх 
  • бэртэл гэмтлээ шалгах 
  • өөртөө анхны тусламж үзүүлэх 
  • нурангин дор ус, хүнсний зүйлийг хямгатай хэрэглэх
  • нуранги дороос эрэн хайх ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс, аврагчдад шүгэл үлээж дуу чимээгээр мэдэгдэх
  • тамхи татахгүй байх, гал гарч болзошгүй

Газар хөдлөлтийн аюул тохиолдсоны дараа юу хийх вэ?

  • гэр бүлийн гишүүд бүрэн гарсан эсэхийг нягтлах
  • нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх
  • жижиг хэмжээний гал түймэр унтраах болон хоёрдогч хор хөнөөлийг арилгах
  • мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлэх
  • мэргэжлийн байгууллагын заавраар ажиллах
  • нийтээр цугларах байранд дэглэм сахих
  • үймээн эмх замбараагүй байдлаас сэргийлэх

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна