Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нийлүүлэх хуулийг дахин өргөн барив

ALs
2021 оны 4-р сарын 26 -нд

АНУ-ын Конгресс дэх Төлөөлөгчдийн танхимын гишүүн Монгол-Америкийн Бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус, Д.Янг нар “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг хамтран санаачилж, 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Конгрессын Төлөөлөгчдийн танхимд дахин өргөн барьжээ.

Энэхүү хуулиар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэхийг зорьж буй юм. Мөн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх, экспортыг төрөлжүүлэх, Монгол, Америкийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг өмнө нь 2018, 2019 онд Конгресст өргөн барьж байсан. АНУ-ын 116 дугаар Конгресст эл хуулийн төсөл хоёр танхимын нийт 100 орчим гишүүний дэмжлэгийг аваад байсан болно.

АНУ-ын Конгресс Монгол Улсын ардчилал, хөгжил, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжсэн тогтоолуудыг удаа дараа баталж ирсэн. Тухайлбал, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 2020 оны 12 дугаар сард, Сенатын танхим 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр “Монгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол”-ыг тус тус баталсан болно.

Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна