Баялгийн сан байгуулах талаар “Эрдэнэс Монгол” компанийн Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын дарга Б.Батмагнайтай ярилцлаа. Тэрбээр 2019 онд тухайн үеийн Засгийн газрын захирамжаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд Баялгийн сангийн менежментийг “Эрдэнэс Монгол” компани хэрэгжүүлэхээр төсөлд тусгаад байгаа аж.
-Юуны өмнө Монголд Ирээдүйн өв сангийн тухай хууль нэгэнт байхад дахин Баялгийн сангийн талаар хууль боловсруулах хэрэгцээ байгаа эсэхийг хүн бүхэн сонирхож таарна. Энэ талаар яриагаа эхлүүлэх үү?
-Баялгийн сангийн нийтлэг онцлог нь
гэсэн энэ дөрвөн шинжийг хангачих л юм бол олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг баялгийн сан болох юм.
Монгол улсад Баялгийн сан байгуулж байсан туршлагын талаар эхлээд ярья. Хамгийн анх Улсыг хөгжүүлэх сан, дараа нь 2009 онд Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталж, анхны баялгийн санг байгуулсан. Уг сангийн зорилго нь ашигт малтмалын орлогоос тодорхой хэсгийг төвлөрүүлж, түүнийгээ тогтвортой өсөн нэмэгдүүлэх, иргэддээ тэгш хүртээмжтэй хуваарилна гэсэн боловч хангалттай хэмжээний орлого бүрдүүлээгүйгээр барахгүй иргэддээ их хэмжээний бэлэн мөнгө тарааснаар 2018 оны байдлаар Хүний хөгжил сангийн өрийн үлдэгдэл 450 орчим тэрбум төгрөг болсон.
Ингээд Хүний хөгжил сангийн тухай хуулийг 2016 онд хүчингүй болгож, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Хүний хөгжил сангийн үлдэгдэл өрийг 2019 онд Ирээдүйн өв сангаас төлж дуусгахаар улсын төсөвт тусгаад байгаа. Гэвч одоогийн Баялгийн сан буюу Ирээдүй өв сангийн тухай хууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа боловч орчин үеийн баялгийн сан буюу олон улсын конвенцын суурь зарчимд нийцэхгүй байгаа зэрэг асуудал үүсээд буй.
Энэ маягаар Монгол Улсад баялгийн санг бий болгох оролдлого хийж байсан ч одоог хүртэл амжилттай түвшинд үйл ажиллагаа явуулж, Монголын хөрсөнд шингэсэн Баялгийн санг бий болгож чадаагүй л байна.
Иймд Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын конвенцын суурь зарчимд нийцсэн Баялгийн сантай болох зайлшгүй шаардлага үүссэн.
-Одоо байгаа хуулийн төслөө сайжруулах байдлаар өөрчлөлт оруулах боломжгүй байсан уу?
-“Эрдэнэс Монгол” компани 2013 оноос хойш энэ чиглэлээр суурь судалгааг маш сайн хийж ирсэн. Бид энэ судалгаандаа тулгуурлан хуулийн төслийг ажлын хэсгийн хүрээнд хийж боловсрууллаа. Одоогийн Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хуулийн тухайд энэ хуулийг үргэлжлүүлэх эсэх шийдвэрийг дээд түвшиндээ гаргах байх.
-Тэгвэл шинээр байгуулах Баялгийн сангийн давуу тал, онцлогийг та тайлбарлахгүй юу?
-Баялгийн сан нь ажилтай орлоготой Монгол иргэнийг дэмжих замаар нийгмийн дундаж давхаргын иргэдийн тоог нэмэгдүүлэх гэсэн үндсэн зорилготой. Мөн “Нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгаас орлого төвлөрүүлж хуримтлал тогтоох” гэсэн үндсэн чиглэлийг барьж байгаа.
-Баялгийн сангийн талаар хууль боловсруулахдаа ажлын хэсэг 30 гаруй улс орноор явж баялгийн санг нь судалж байсан гэж ярьдаг. Тэгвэл одоогийн боловсруулсан Баялгийн сангийн тухай хуульд гадны туршлагыг хэр шингээсэн бол?
-Судалгааг бид хэдий хугацаанд хийснийг дээр дурдсан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг дор дурдсан 5 төрлийн ойлголт, зорилгын хүрээнд дэлхийн улс орнууд өөрийн орны онцлогтой уялдуулан Баялгийн сан байгуулж байна. Үүнд:
Дэлхий дээр 120 орчим баялгийн томоохон сан байгаа бөгөөд эдгээр санд нийт 11 ИХ НАЯД АМ.ДОЛЛАРЫН ам.долларын актив хөрөнгө оруулалт цугларсан байдаг.
Байгалийн баялаг ихтэй орнуудын зарим нь баялагтаа тулгуурлан хөгжлийн өндөр түвшинд хүрч чадсан байхад зарим орон ядуу, буурай хэвээр үлдсэн байдаг. Энэхүү үзэгдлийг тайлбарладаг хоёр үндсэн ойлголт байдаг нь “Баялгийн хараал” ба “Голланд өвчин” юм. Баялгийн хараал гэсэн ойлголт улс орны байгалийн баялгийн хэмжээ их байхын хэрээр иргэний дайн, дотоод зөрчилдөөн, бусад улс орнуудын сөрөг ашиг сонирхол зэрэг асуудлууд нэмэгдэж, хөгжих боломж бага байдаг тухай авч үздэг бол Голланд өвчин гэсэн ойлголтыг товчоор уул уурхайн салбарын хөгжил нь бусад салбарын хөгжлийг зогсонги байдалд оруулах үзэгдэл гэж ойлгох нь зохистой.
Бусад орны туршлагын тухайд яривал, 2008 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын дараа гадаад орнуудын үндэсний баялгийн сангуудын төлөөлөл чуулж Олон улсын Ажлын хэсэг байгуулж, Чили улсын нийслэл Сантьяго хотноо “Сантьягогийн зарчмууд” хэмээх баялгийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, төгөлдөржүүлэхтэй холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн 24 зарчмыг тодорхойлж тунхагласан. Энэхүү баримт бичигт улс орнууд үндэсний баялгийн сан байгуулах, эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагааг нь эрхлэн явуулахад харгалзах стандарт зарчмууд, анхаарах асуудлыг дэлхийн улсуудын баялгийн сангийн туршлагад суурилан зөвлөмж болгон тогтоосон байдаг.
Ийнхүү 2008 оны Сантьягогийн олон улсын конвенц батлагдсанаар олон улсад Баялгийн сан гэдэг ойлголт маш тодорхой болсон. Энэ конвенцод Олон улсад нийтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн баялгийн сангийн тухай ойлголтыг анх удаа бий болгож, “Баялгийн сан (SWFs) гэдэг нь засгийн газрын эзэмшилд байдаг тусгай зориулалтын хөрөнгө оруулалтын зохицуулалтын сан юм” гэж хууль эрх зүйн хувьд томьёолсон байдаг.
Өдгөө Олон улсын Баялгийн сангийн форум байгуулагдан нарийн бичгийн дарга нарын газар нь энэхүү нийтээр хүлээн зөвшөөрсөн 24 зарчмыг баялгийн сан бүхий улс орнуудын үйл ажиллагаанд мөрдүүлэх хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Энэ баялгийн сангийн хуулийн төсөл батлагдасны дараа бид энэ “Сантьягогийн зарчмууд”-ыг үйл ажиллагаандаа мөрдөх зорилгоор энэ конвенцод нэгдэхээр төлөвлөж байгаа.
-Санг хууль гаргаад байгуулж болж байна. Харин хамгийн гол зүйл нь сангийн менежмент буюу байгалийн баялгийн орлогоос хуримтлагдсан мөнгийг арвижуулж, иргэддээ хүртээх. Тэгвэл та бүхний боловсруулсан хуулийн төсөлд сангийн менежментийг хэрхэн хийхээр тусгасан бэ?
-Баялгийн сангийн менежментийг “Эрдэнэс Монгол” компани хэрэгжүүлэхээр байгаа. “Эрдэнэс Монгол” нь улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулах, ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээмжтэй хувиарлах гэсэн компанийн хөгжлийн стратегийг үйл ажиллагааны хоёр чиглэлийг баримтлан ажилладаг. Тэгвэл цаашид “Эрдэнэс Монгол” ХХК дараахь үндсэн үйл ажиллагааг эрхэлнэ.
-Зээл авах гэдгийг та тодруулахгүй юу?
-"Эрдэнэс Монгол" ХХК нь төрийн төлөөллийг хэрэгжүүлэх, стртегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглах, хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх, мөн мега төслүүд, шинэ технологи нэвтрүүлэх гэсэн үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ хүрээнд тусгасан.
Үндсэн чиг үүргийнхээ хүрээнд охин болон хараат компаниудынхаа үйл ажиллагааны хэвийн, найдвартай ажиллагааг хангуулах зорилгоор зайлшгүй техник, технологийн шинэчлэл хийх, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагуудаас босгох, хөнгөлөлттэй зээл авах зэрэг шаардлага гардаг.
Жишээлбэл, яг одоо хэлэлцэгдэж байгаа зээлийн асуудал гэвэл манай охин компани болох "Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагааны хэвийн, найдвартай ажиллагааг хангуулах зорилгоор техник, технологийн шинэчлэл зайлшгүй хийх ажлын шаардлага үүсээд байгаа.
Үүнтэй холбогдуулан хоёр уурхайн санхүүгийн нөхцөл байдал, стратегийн ач холбогдлыг харгалзан үзэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай яриа хэлэлцээрүүдийг хийж, шаардлагатай санхүүжилтийг экспортын зээлийн нөхцөлөөр шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газар болон холбогдох яамдын оролцоог ханган ажиллаж байна.
Баялгийн санд бүрдсэн орлогоос зарцуулалт хийгээгүй тохиолдолд 2028 онд нийт 44.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсөөлсөн байна. Баялгийн сан байгуулснаар сангийн орлогын 50%-ийг түгжиж, үлдсэн 50%-ийг шаардлагатай хөрөнгө оруулалтад зарцуулахаар мөн тусгажээ. Ингэснээр хөрөнгө оруулсан нийт дүнг Засгийн газрын бондын хүү (15%)-ээр өсгөж тооцвол 2028 он хүртэл 3,216.2 тэрбум төгрөгөөр сангийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой хэмээн тооцсон байна.
-Баялгийн сангийн менежментийг зохистой байлгахын тулд туршлагатай орны гадны багаар удирдуулах нь манай улсад хамгийн оновчтой шийдэл гэдгийг эдийн засагчид, мэргэжлийнхэн чухалчилдаг. Гэтэл яагаад заавал дотоодын, төрийн өмчит компани удирдах замыг сонгосон бэ? “Эрдэнэс Монгол” үэнэхээр менежментийг аваад явах боломжтой гэж та бүхэн харж байна уу?
-Гадны баг оруулж, гадны менежментээр явах гэдгийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй төрийн төлөөллийг хэрэгжүүлэх холдинг компанийг гадны багаар удирдуулж, гадны менежмент оруулах нь өмнөх туршлагаас харахад улс төрийн болоод олон талын сонирхлууд гарч ирэх эрсдэлтэй, гадны хүний шийдвэрийг хүлээж авахгүй байх тал бий. Үндэсний аюулгүй байдал, геополитик талаасаа ч бодсон ард түмний эсэргүүцэлтэй тулгарах, олон талын хардалт үүсэх зэрэг асуудлууд гарна. Бас зардал өндөр байдаг.
Хөгжлийн банкны жишээ байна. Олон улсад нээлттэй зарлаж, гадны удирдлагатай багаар (Солонгос) удирдуулж байсан ч олигтой амжилт олоогүй.
"Эрдэнэс Монгол” Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй төрийн өмчит компани байх бүрэн боломжтой. “Сантьягогийн зарчмууд” байна, Баялгийн сантай орнуудын нийтээр мөрдөх баримт бичгүүд байхад эдгээрийг авч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх, тэдэнтэй холбоотой ажиллахад өөрсдийн багаар менежментийг авч явах бүрэн боломж бидэнд бий.
Ялангуяа, уг конвенцод нэгдэн орсноор олон улсад баялгийн сангаар туршлагажчихсан баг тухайн орнуудад Сантьегогийн зарчмуудыг мөрдүүлж ажилладаг. Тиймээс гадны баг ажиллах шаардлагагүй.
Зураг. Баялгийн сангийн удирдлага ба мөнгөн хөрөнгийн эргэлт
-Боловсон хүчний асуудлыг хэрхэн шийдэх вэ? Гадаадын ч баг удирдсан, дотоодын ч баг удирдсан, гол зүйн нь боловсон хүчин байх болов уу.
-"Эрдэнэс Монгол” компанийн үндсэн үйл ажиллагаанд заасан хөрөнгө оруулалтын бодлого, түүнийг хэрэгжүүлэх, хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд сонгодог утгаар нь хэрэгжүүлэх шаардлага үүсэж байгаагүй учир Баялгийн сангийн хөрөнгийн удирдлага хэрэгжүүлэгч корпараци болгон өөрчлөн байгуулагдах үед хүний нөөцийг чадавхжуулах, чадварлаг боловсон хүчнийг татах, ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх зэрэг ажлыг одооноос үе шаттай зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
-Баялгийн сангийн орлогыг хэрхэн бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан бэ?
-Баялгийн сангийн хөрөнгө нь ард түмний мэдэлд, төрийн өмчид байх бөгөөд уг хөрөнгийг захиран зарцуулах чиг үүргийг Засгийн газар хэрэгжүүлнэ.
Энэ хүрээнд “Оюу Толгой”, “Эрдэнэс Таван Толгой” зэрэг хөрөнгийн өгөөжийн зохистой түвшинг хангасан стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүд шиг Асгат, Салхит, Цагаан суварга, Мөнгөн өндөр, Тавтын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай саналыг боловсруулан Засгийн газарт танилцуулах замаар олон улсад нээлттэй зарлаж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах шаардлагатай. Эдгээр төслийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Баялгийн сан ч өргөжих юм.
-Стратегийн 16 орд газраас гадна бусад байгалийн баягаас мөнгө хуримтлагадан гэсэн үг үү?
-Засгийн газрын 2007 оны 27 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтад стратегийн ордуудад аль аль уурхайг хамааруулах талаар заасан байдаг. Уг хавсралтад багтсан ордуудыг “Эрдэнэс Монгол” хариуцаж, хөрөнгө оруулалт олж, эдийн засгийн эргэлтэд оруулж, хөгжүүлэх зорилготой. Яг одоогийн байдлаар стратегийн 16 орд байгаа хэдий ч цаана нь 39 орд судлагдаад явж байгаа.
Саяхан УУХҮ-ийн сайдын тушаалаар 27-р тогтоолын 1, 2 дугаар хавсралт дахь ордуудыг шинэчлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тэр ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, УУХҮЯ зэрэг холбогдох газрууд орсон. Ажлын хэсгийн дүгнэлт гарч, Засгийн газар баталгаажуулснаар стратегийн орд 16 байх уу 30 байхуу гэдэг нь тодорхой болно гэсэн үг. Үүний дараа “Эрдэнэс Монгол”-ын хариуцах стратегийн орд газар, Баялгийн санд хуримтлагдах орлого тэлээд явах байх.
Ямартай ч компанийн бизнесийн өсөлтөд тулгуурласан төрөлжилтийг бий болгон Эрдэнэс Монгол ХХК-ийн бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх замаар баялгийн сангийн орлогын тогтвортой найдвартай, өсөн нэмэгдэх орлогыг бий болгоно.
-Зарцуулалтын хувьд хэрхэн хийх вэ. Тухайлбал, одоо байгаа хуулиар бол Ирээдүйн өв санд хуримтлагдсан орлогод 2030 он хүртэл гар хүрэхээргүй байхаар тусгасан бөгөөд 30 оноос эхлэн улсын төсөвт зөвхөн 10 хувийг шилжүүлэхээр байгаа. Тэгвэл Баялгийн сангийн тухай хууль батлагдвал хөрөнгийг хэрхэн удирдах вэ?
-Сангийн хөрөнгийг байршуулах, хөрөнгө оруулалт хийх ерөнхий төлөвлөгөөг сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч төрийн өмчит компани гурван жилээр боловсруулж, тухайн жилийн улсын төсөвтэй хамт Монгол Улсын Их Хурал батална.
Ирээдүйн өв сангийн тухайд хөрөнгийг удаан хугацаанд царцаасан байдалтай байдаг бол Баялгийн сангийн хуульд Сангийн хөрөнгийг зарцуулалтаас гадна хэрхэн арвижуулах тухай маш тодорхой заасан байгаа.
Жишээлбэл, сангийн тухайн жилийн нийт хөрөнгийн тодорхой хувийг олон улсын санхүүгийн зах зээл дээр зээлжих зэрэглэл нь хамгийн өндөр болон түүнтэй адилтгах үнэлгээтэй бөгөөд жил бүрийн өгөх өгөөж нь тодорхой санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахтай холбоотой дэд бүтцийн барилга байгууламж байгуулах болон санхүүгийн үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр тусгасан. Мөн сангийн нийт хөрөнгийн тодорхой хувийг эрсдлийн сан байгуулж, нөөцлөх бөгөөд энэхүү хөрөнгийг Монголбанканд тусгай данс нээж байршуулах зэрэг заалтууд байгаа.
Сангийн хөрөнгийг Төсвийн тухай болон Төрийн аудитын тухай хуулийн дагуу тайлагнаж, хяналт тавина. Сантьягогийн 24 зарчимд заасанчлан сангийн бодлогын зорилго, холбогдох дүрэм, журам, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтын талаар нийтэд нээлттэй байна.
-Тэгвэл иргэд хэрхэн ашиг хүтэхээр байгаа вэ?
-Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч буюу "Эрдэнэс Монгол" компани нь Энгийн болон Давуу эрхийн гэсэн хоёр төрлийн хувьцаатай. Энгийн хувьцааг нь Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг бол Монгол Улсын иргэн бүр нэг ширхэг давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшдэг. Давуу эрхийн хувьцаа нь саналын эрхгүй бөгөөд хувьцааг худалдах, шилжүүлэх, арилжих, бэлэглэх, барьцаалах, өв залгамжлуулах эрхгүй, харин ногдол ашиг хуваарилсан тохиолдолд ногдол ашиг авах эрхтэй юм.
Энэ давуу эрхийн хувьцааг бид өмнө нь батлахдаа 3.0 сая ширхэг байхаар тооцсон бөгөөд хүн амын өсөлттэй холбоотойгоор 5.0 сая ширхэг болгуулах, шинээр бүртгэлжүүлэхээр Засгийн газарт санал хүргүүлсэн, хэлэлцүүлж байна.
Иргэдэд шууд болон шууд бус, дам гэсэн гурван хэлбэрээр өгөөж хуваарилахаар төлөвлөсөн. Компанийн ТУЗ-өөс ногдол ашиг хүртээх шийдвэр гарсан тохиолдолд иргэд давуу эрхийн хувьцааныхаа ногдол ашиг буюу шууд хишиг хүртэнэ. Энэ бол сангаас иргэдэд мөнгөн хэлбэрээр өгөөж хүртээх нэг боломж гэж харж болно.
Шууд бус гэдэг нь иргэдэд Баялгийн сангийн үр өгөөжийг хүртээхдээ шууд бэлэн мөнгө тараах байдлаар бус, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулан төвөст төвлөрүүлсэн орлого, түүнчлэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, түүнийг дагасан дэд бүтэцийг бий болгох замаар ажилтай орлоготой монгол иргэнийг дэмжих байдлаар нийгмийн дундаж давхаргын иргэдийн тоог нэмэгдүүлэх гэсэн Баялгийн сангийн үндсэн зорилгын хүрээнд иргэд сангаас ашиг хүртэх боломжтой.
-Баялгийн сангийн тухай хууль батлагдаад сангийн менежментийг “Эрдэнэ Монгол” хэрэгжүүлээд явлаа гэхэд улс төрөөс ангид байж чадах уу? “Эрдэнэ Монгол”-ын томилгоо хүртэл улс төр дагаж явах тохиолдол байдаг шүү дээ.
-Баялгийн сангийн тухай хуульд улс төрөөс хараат бус байх нөхцөл боломжийг нь заагаад өгсөн байгаа. Улс төрөөс шалтгаалан дахин дахин гар хүрэхгүй, улс төрийн нөлөөлөлгүйгээр явах заалтуудыг хийж өгсөн.
Эх сурвалж: ikon.mn 2019.04.03
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна