Х.Болортуяа олимпод оролцох чөлөөт бөхийн 9 дэх эрхийг авчирлаа

ALs
2021 оны 5-р сарын 08 -нд

Токиогийн олимпод оролцох чөлөөт бөхийн эрх олгох сүүлчийн тэмцээн пүрэв гарагт эхэлсэн. Энэ сарын 6-9-ний хооронд Болгар улсын нийслэл Софи хотноо болж буй тэмцээнд манай улсын 5 тамирчин оролцлоо.

Эмэгтэйчүүдийн 62 кг жинд зодоглосон Х.Болортуяа өнгөрсөн шөнө хагас шигшээ шатны барилдаанаа хийж олимпын эрхээ авснаар олимпод оролцох Монголын чөлөөт бөхийн 9 дэх эрхийн эзэн боллоо.

Ингэснээр Токиогийн олимпод Монголын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг анх удаа бүтэн багаараа оролцоно. Олимпод чөлөөт бөхийн төрлөөр эрэгтэй 6, эмэгтэй 6 нийт 12 жинд тамирчид хүч сорьдог бөгөөд манай улсын эрэгтэй 3, эмэгтэй 6 тамирчин эрхээ аваад байгаа юм.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 57 кг жинд Э.Бэхбаяр эрхээ авсан бөгөөд Болгарыг зорьсон 5 бөхөөс хоёр нь жиндээ олимпын эрх авчрав.

Эрхээ авсан тамирчид:

  1. Чөлөөт бөх эрэгтэй 65 кг /Т.Тулга эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  2. Чөлөөт бөх эрэгтэй 125 кг /М.Лхагвагэрэл эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  3. Чөлөөт бөх эрэгтэй 57 кг /Э.Бэхбаяр эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  4. Чөлөөт бөх эмэгтэй 68 кг /С.Батцэцэг эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  5. Чөлөөт бөх эмэгтэй 50 кг /Ц.Намуунцэцэг эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  6. Чөлөөт бөх эмэгтэй 53 кг /Б.Болортуяа эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  7. Чөлөөт бөх эмэгтэй 57 кг /Б.Хонгорзул эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  8. Чөлөөт бөх эмэгтэй 76 кг /О.Бурмаа эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/
  9. Чөлөөт бөх эмэгтэй 62 кг /Х.Болортуяа эрхийг авчирсан ч олимпод хэн явахыг холбоо нь шийднэ/

Монголын чөлөөт бөхийн холбоо эрх авсан жингүүдэд сорил барилдаан явуулсны эцэст хэн явахыг шийдэх бөгөөд олимпын шигшээ баг зургаадугаар сарын эхээр тодорно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна