“Богдхан төмөр зам” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

ALs
2021 оны 5-р сарын 20 -нд

Хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, суурьшлын бүсийг үе шаттай байгуулах зорилгоор “Богдхан төмөр зам”-ыг барьж ашиглалтад оруулах ажлаа эрчимжүүлэх, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх, Богдхан уулсын дархан цаазат газрын хилийн заагт өөрчлөлт оруулах эсэх, нийслэл Улаанбаатар хот, Төв аймаг хооронд үүссэн газрын хилийн цэсийн маргааныг судалж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгав.

Богдхан уулын урд талаар Мандал өртөө-Багахангайг холбосон 175 км төмөр зам барьж ачаа тээвэр, транзит тээврийн урсгалыг нэмэхээр төлөвлөөд байна. “Богдхан төмөр зам” нь Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор дагуу байрлах тул түүнийг түшиглэн Шинэ Зуунмод /Аэросити/ хотод ачаа тээврийн нэгдсэн зангилаа төв байгуулах юм.

Энэ дагуу 135,8 км замыг шинээр тавьж, одоо байгаа 39 км-ыг нь сайжруулах, тахир тойрууг багасгах техникийн шийдлийг нь гаргаж байна.

Хотын дөрвөн хэсэгт төмөр болон автозам нэг түвшинд огтлолцож байгаа нь түгжрэл үүсэхэд нөлөөлж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Тухайлбал:

-       Таван шарын уулзвараар хоногт 57 галт тэрэг өнгөрөхөд нийт 171 минут

-       Энхтайвны гүүрний зүүн талын түр гармаар хоногт 45 галт тэрэг өнгөрөхөд нийт 135 минут

-       Дүнжингарав худалдааны төв орчмын гармаар хоногт 45 галт тэрэг өнгөрөхөд нийт 135 минут

-       Амгалан орчмын гармаар хоногт 45 галт тэрэг өнгөрөхөд нийт 135 минут автомашины хөдөлгөөнийг хааж байна.

Улаанбаатар хот болон бусад төвийн хоорондох зорчигчийн, дулааны цахилгаан станцуудад нүүрс хүргэдэг галт тэргээс бусад ачааны галт тэргийг “Богдхан төмөр зам”-аар явуулах боломжтой.  Ингэснээр   автомашины хөдөлгөөн хааж байгаа хугацааг дунджаар 62 минут болгож бууруулах судалгаа гарчээ. Мөн дээрх гармуудад гүүр, нүхэн гарц хийвэл хөдөлгөөн хаах шаардлагагүй болох хувилбар ч байна.

Мөн хот дотор байгаа нефть бааз, худалдааны томоохон зах, тээвэр логистикийн төв зэргийг  “Богдхан төмөр зам”-ын трассын дагуу Хөшигийн хөндийн логистикийн төвийг түшиглэн үе шаттай шилжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр хот руу чиглэх галт тэрэгний хөдөлгөөн 15-20 хувь буурах юм.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна