Монголын 3 боксчин Ази тивийн аварга болов

ALs
2021 оны 6-р сарын 01 -нд


АНЭУ-ын Дубай хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Азийн АШТ зургадугаар сарын 21-31-нд болж, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийн удирдлага дор нударга зөрүүлсэн Монголын боксчид гурван алт, таван хүрэл медальтай нутаг буцах боллоо. Олимпын наадмын өмнөх хамгийн чухал сорил энэ юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Универсиад наадмын аварга Х.Энх-Амар, 60 кг-д ДАШТ-ий хүрэл, Азийн аварга Э.Цэндбаатар, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг алтан медаль хүртэв. Х.Энх-Амар 2019 оны Азийн АШТ-ий хүрэл амжилтаа алтан медалиар нэмсэн бол Э.Цэндбаатар хошой аварга болж, Б.Чинзориг медалийн иж бүрдэлтэй болж байна. Монголын ширэн бээлийтнүүд тус тэмцээнээс хамгийн олон медалийг нэг дор хүртсэн нь энэ болов. Үүнээс өмнө 2007 онд монголд болсон тэмцээнээс Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг алт, Б.Түвшинбат, М.Нандин-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртэж байв. Нэмж хэлэхэд тус тэмцээнээс анхны медалийг 50 жилийн өмнө 1971 онд Ардын багш, гавьяат тамирчин Х.Алтанхуяг (алтан медаль) хүртэж байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна