Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн дагуу тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгож байгаа. Энэ талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагаас тодрууллаа.
-Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийг олгож дууссан уу?
-Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан. Сарын дараа буюу хоёрдугаар сард 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлтэй байсан 228:5 мянган ахмадын 695.0 тэрбум төгрөгийн зээлийг Эрдэнэс Монгол нэгдлийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК тэглэх санхүүжилтийг гаргасан.
Тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмадад 194 тэрбум төгрөг, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 мянган ахмадад 21.4 тэрбум төгрөг буюу нийт 216 тэрбум төгрөгийн олгох ажлыг холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны үндсэн дээр хийж дууслаа. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлгүй байсан ахмадууд байгалийн баялгийн өгөөжийг бодит байдлаар мөнгөн хэлбэрээр хүртэж байна.
-Монгол Улс байгалийн баялаг арвинтай ч баялгийг иргэддээ хүртээсэн анхны бодит ажил энэ байлаа. Зохион байгуулалтын хувьд юуг анхаарсан вэ?
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” компани Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлэгчийн хувиар хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж, зээлгүй ахмадууддаа олгох 216,2 тэрбум төгрөгийг дансандаа төвлөрүүлж, хуулийн хугацаанд нь олгох бэлтгэл ажлыг сайтар хангасан.
-Цаашид эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж буй төсөл, ажлуудаас танилцуулаач?
-Салхитын мөнгөний ордоос гадна Овоот хярын алтны төсөл “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн харьяанд бий. Энэ төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар хайгуулын ажил үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна