М.Бямбадаш: Сайн багшийн гар дээр Монголын ирээдүйн нар манддаг

ALs
2021 оны 6-р сарын 04 -нд

МЗХ-ы дэргэдэх Залуу багш нарын клуб байгуулагдсан даруйдаа маш олон ажил хийж эхлээд байгаа. Энэ талаар тус клубийн тэргүүн, ЕБС-ийн 35 дугаар сургуулийн залуу багш М.Бямбадаштай ярилцлаа.

МЗХ-ны дэргэдэх Залуу багш нарын клуб сүүлийн үед нэлээн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, анхаарал татах болсон? Тэгэхээр клубийнхээ талаар илүү дэлгэрэнгүй танилцуулна уу.

-Өнөөдөр Монгол Улсын хувьд боловсролын асуудал хамгийн чухал бөгөөд хурцаар тавигдаж байгаа. Өнөөдөр хүүхэд багачуудаа хэрхэн хүмүүжүүлж, боловсрол олгосноос Монголын ирээдүй шалтгаална. Манай боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлууд бас бий. Тийм ч учраас эдгээрийг шийдэхэд залуу багш нарын оролцоо маш чухал. Тийм учраас би Монголын залуучуудын холбооны мэт маш олон асуудал гэхээс илүү асуулт бидэнд тулгарч буй. Үүнийг шийдвэрлэхийн тулд монголын ирээдүйн замыг тавилцаж буй залуу багш нарын оролцоо маш чухал. Залуу хүн зорилготой бол Монголын маргааш ирээдүйтэй. Дэлхий гэж цээжээ дэлдэхээс илүү, Монголын гэж дархлаагаа дэмжих нь бидний эрхэм алсын хараа. Учир нь монгол иргэн та ч дэлхийн хүмүүн. Улс бүр өөрийн гэсэн онцлог шинжтэй үүнийг л залуу багш бид сайтар ойлгож боловсролын мөн чанартаа суулгах нь чухал юм.

-Танай холбоо хэзээ байгуулагдсан бэ?

-Энэ жилийн хоёрдугаар сарын 8-ны өдөр Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Отгоны Гэрэлт-Одоос клубийн тамга тэмдэг, гэрчилгээг гардан авч, анхдугаар хурлаа хийж, дэд тэргүүн, тэргүүлэгч гишүүдээ сонгосон. Одоо тэргүүн, 2 дэд тэргүүн, 17 тэргүүлэгч гишүүнтэй. Боловсрол, соёл шинжлэх, ухааны яам, Боловсролын газартай хамтран ажиллахаар болсонд их баярлаж байгаа.

 

-Өө саяхан байгуулагдсан юм байна шүү дээ?

-Дөрвөн сар шахуу гэдэг бидний хувьд их хугацаа. Цаг бол алт, ялангуяа залуучууд бидний хувьд. Энэ хугацаанд бид клубээ байгуулан, “Сайн туршлага”, “Залуу миний багш-ментор” хөрөг найрууллын уралдаан, “Залуучуудын илтгэл”-ийн уралдаан гэх мэт арга хэмжээ зохион байгуулсан.

-Уралдаан үргэлжилж байгаа юу Хэзээ шагналыг нь гардуулах вэ?

-Бид удахгүй шилдэг найман багшийг тодруулж, хэвлэл мэдээлэл болон МЗХ-ы “Залуу үе” сэтгүүл, “Залуучуудын үнэн сонин”-д бүтээлийг нь хэвлэнэ. Бид шагналаа МЗХ-ны 100 жилийн ойн өдөр буюу 2021 оны наймдугаар сарын 24-ны өдөр танхимаар ёслол төгөлдөр гардуулж өгнө. Хөдөө орон нутгийн багш нартаа урилга илгээн оролцуулах болно. Уралдаанаа жил болгон уламжлал болгон хийнэ. Анхны ажил болохоор алдаа дутагдал гарсан зүйл бас бий. Залуу багш нарын уралдаан маш амжилттай болж, 300 гаруй багш бүртгүүлж, 200 гаруй багш оролцож, 100 гаруй бүтээлийг пэйж хуудсаар олон нийтэд түгээсэн. Багш нарын эргэх холбоог сайжруулсан, хичээлүүдийг интеграци хэлбэрт оруулах том боломжуудыг нээж өгсөн. Эцэг эхчүүд ч сэтгэл хангалуун манай клубэд маш олон талархлын үгс ирсээр байгаа. Өөрсдийгөө нээж чадаагүй байсан олон чадварлаг багш гарч ирсэн. Шалгаруулалт их хүлээлттэй болсон. Зарим багш энгийн хичээлийн хэсгээсээ тасдаж оруулсан, зарим нь сэтгэл зүрхээ оруулж зориулж видеогоо хийсэн боловч давхар файл материалаа явуулаагүй гэх мэтээр оноонд нөлөөлсөн зүйл бий.

-Бас “Залуу багш-Миний ментор” уралдаан зарласан. Бүтээлүүдийг уйгаржин монгол бичгээр хүлээж авч байгаа харагдсан?

-Монгол Улсын өв соёл, тусгаар тогтнолын илэрхийлэл болсон уйгаржин бичгээ хүүхэд залуучууд сургах сурагчид, залуу багш нарын уялдаа холбоог сайжруулах зорилготой уралдаан. Ахлах сургууль буюу 12-р ангиа төгсөж буй сурагчид өөрт хамгийн нөлөөлсөн залуу багшдаа зориулж хөрөг найруулал бичих урадаан юм л даа. Энэ уралдаанд олон чадварлаг хүүхэд оролцож МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ОТГОНЫ ГЭРЭЛТ-ОД пэйж хуудсаар бүтээлийг олон нийтэд түгээж байгаа. Шавь нарынхаа үгнээс олон залуу багш урам авч, зарим нь нүдэндээ нулимстай сэтгэл ихэд догдлуулав. Надад гэхэд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон сургуулийн 12а ангийн сурагч Баттулга овогтой Хонгорзул “ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН МИНЬ ДАЛЬ ЖИГҮҮРИЙГ БАДРААГЧ” сэдэвт хөрөг найруулал бичиж ирүүлсэн. Би өөрөө Улаанбаатарын багш гэтэл хаа байсан Сэлэнгийн хүүхэд надад бичлээ гээд их балмагдан гайхаж догдолсон. Нүдэнд нулимс цийлэгнэтэл хүүрнэн өгүүлсэн байна лээ. Би энэ хөрөг найрууллыг хэвлэж хоймортоо залсан. Залуу багшийн хувьд ажлын маш том урам зориг авсан гэдгээ Нийгмийн элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн ангийн чадварлаг шавьдаа мэдэгдмээр байна. Амжилт хүсье.

 

 

-Уралдааны дүн гарсан уу?

-Шүүлтийг Их сургуулийн доктор профессор мэргэжлийн монголхэлбичгийн багш нар хийнэ. Уралдаан маань одоо үргэлжилж байгаа. Мөн МЗХ-ы дэргэдэх Залуучуудын Хөгжлийн Хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан Залуу судлаачдын эрдэм шинжилгээний уралдаанд манай зүгээс багш нарыг идэвхтэй оролцохыг уриалсан. Залуу багш нар маань ч сайн оролцсон байна лээ. Мөн бид “ӨНӨР БҮЛ” хүүхдийн төвтэй хамтран сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулсан. Ийнхүү бодит үр дүнд хүрч байгаа учир эрхэм багш нарыг шагналын тал дээр хүлээцтэй байхыг хүсье. Цаашид олон олон эерэг ажил төлөвлөөд байгаа. Худлаа ярьж хулгай хийхгүй, үнэн мөрөөрөө явах цагт нийгэм өөрөө өөрчлөгдөж болдог юм гэдгийг залуу багш бид заавал нотлон харуулах болно. МЗХ бол өөрөө нийгэмд үйлчилдэг байгууллага үүнийгээ дагаад манай клубийн үйл ажиллагаа бүх багш нартаа нээлттэй шүү гэдгийг хэлмээр байна.

-Энэ жил МЗХ-ны 100 жилийн ой болно. Мэдээж олон ажил хийхээр төлөвлөөд байгаа байх. Тухайлбал, Залуу багш нарын клубийн зүгээс ямар ажлууд хийх вэ?

-Энэ жил бид 13 ажил хийхээр төлөвлөөд байгаа. Цаашид бид холбооны статустай болох төлөвлөгөөт ажилдаа ороод удирдах зөвлөлийн гишүүдээ сонгоод байгаа. Залуу багш нарынхаа хүсэлт нийцсэн олон ажил хийнэ. Тухайлбал: Монголын Залуучуудын Холбоонд засвар, шинэчлэл хийгдэж буйг та бүхэн харж байгаа. Төв байрандаа бид залуу багш нарт чиглэсэн “Сэтгэл зүйн өрөө”-тэй болно. Үүнийг ерөнхийлөгч Отгоны Гэрэлт-Од дэмжиж байгаад баяртай байна. Насан Туршийн Боловсролын төвтэй хамтран +100 багшийн уран зургийн дугуйланд явуулна. Одоо 200 гаруй багш нары бүртгүүлсэн ч хорио цээрийн нөхцлөөс болоод зарим ажлууд саатаж байгаа зүйл бий. Мөн “Танд Ойр” НҮТББ-тэй хамтран “НАРЫГ ХАЙРЛА” үндэсний хэмжээний нөлөөллийн ажил эхлүүлээд байна. “100 багшийн аялал”, “100 багшийн чуулга уулзалт”, “100 багшийн спорт” өдөрлөг зохион байгуулж, “100 залуу багшийн гарын авлага” гаргаж, “100 чадварлаг залуу багш”-ийг тодрууж, “100 ахмад багшийн зөвлөгөө” гэх мэт олон ажил хийх болно. Өнөөдрийн нийгэм өөрчлөгдөж байна. Таны миний хүүхэд танаас, надаас илүү гар утасны программыг ашиглаж байна, Z generation хүүхдийг сэтгэлзүй бүр л таашгүй болж шинэчлэгдэж байна. Үүнийг дагаад залуу багш нарын санаа бодол улам бүр л хэрсүү болж буй учир тэдний хүсэл тэмүүлэлд таарсан бодит ажлуудад хийх хэрэгтэй байгаа. Социализмын хаалттай үеэс, өнөөгийн нээлттэй нийгэм шал ондоо шүү. Юм хийх хүсэл тэмүүллийг бадраагаад л байвал олон чадварлаг багш нийгэм танигдана.

-Маш сайхан ажлууд хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Та бүхэнд амжилт хүсье.

-Баярлалаа. Залуу багш нартаа, Монголын нийт багш нартаа амжилт хүсээд Сайн багшийн гар дээр Монголын ирээдүйн нар манддаг юм гэдэг үгээр ярилцлагаа өндөрлөмөөр байна. Та бүхэнд амжилт хүсье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна