“Болор цом” наадам энэ сарын 19-нд болно

Отгоо
2021 оны 6-р сарын 11 -нд

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам энэ сарын 19-нд Цагдаагийн “Сүлд” чуулгын концертын танхимд болно.

МҮОНРТ-ийн хамтран зохион байгуулдаг 38 дахь удаагийн тус наадам нь Монгол Улсын цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд болох гэж буйгаараа онцлог юм.

“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд өнөөдөр дээрх наадмын талаар хэвлэлийн бага хурал болно. Үүнд МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав, МЗЭ-ийн яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн Ж.Баяржаргал, МҮОНТ-ийн захирал Р.Тулга, ЦЕГ-ын соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга Д.Долгорсүрэн, “Сүлд” чуулгын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар нар оролцох аж.

Анхааруулахад, тус наадмыг үзэх иргэдийг Улсын онцгой комиссоос үүрэгдсэн “Ковид-19” цар тахлын эсрэг халдвар хамгаалалын дэглэмийг сахихын тулд нэг суудал алгасч суухыг сануулах гэнэ.  

Үүнээс гадна үзэгчдийн хүсэн хүлээдэг Уран үгсийн чуулган “Болор цом” наадмын дараа МҮОНРТ-ийн “Студи-600”-д болох нь ээ.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн наадам Багануур дүүрэг үүсч хөгжсөний 40 жилийн ойн хүрээнд Багануур дүүргийн Соёлын ордонд болоход МҮОНР-ийн найруулагч Б.Жамбалдорж түрүүлсэн билээ.

Энэ дашрамд түүний тэргүүн байр хүртсэн шүлгийг эргэн санья. 

Жамын цас

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яаш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж

Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би

Шинэхэн цас орсон өглөө

Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотнохон мөр харалгүй уджээ

Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой

Зөөлөн гишгэх алхаан дундаасаа

Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр

Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ

Дээрээс хэн нэгэн харж байгаа бол

Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү

Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно

Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад

Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас

Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана

Огторгуй өөд ширтэн, ширтэн хэвтэхэд

Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад

Жаргал, зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно

Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас аа ...  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна