“Бүс ба Зам: Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний цахим хуралд оролцов

ALs
2021 оны 6-р сарын 24 -нд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Бүс ба Зам: Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний цахим хуралд оролцов. Энэхүү хуралд 30 гаруй улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд болон олон улсын байгууллагын удирдлага оролцож, үг хэллээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас Ковид 19 цар тахлын тархалтыг хумих, түүний эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, тухайлбал хүн амыг вакцинжуулах ажлын явц,  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар танилцуулав. Тэрээр вакцин тусламжаар олгох, вакцин худалдан авах санхүүжилтийг шийдвэрлэх, худалдан авах зохицуулалтыг шуурхай хийх замаар Монгол Улсын цар тахлын эсрэг тэмцлийг дэмжсэн БНХАУ зэрэг түнш орон, олон улсын байгууллагад талархал илэрхийлэв.

Б.Батцэцэг сайд түүнчлэн Монгол Улс “Талын зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг урагшлуулахаар идэвхтэй ажиллаж буйг тэмдэглэж, “Бүс ба Зам” санаачилгад оролцогч орнуудтай цаашид ч хамтын ажиллагаагаа  гүнзгийрүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. 

 
Нийтэлсэн: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна