Б.Лхагвасүрэн: 2021 онд зээлийн өсөлтийг 15-18 хувьд хүргэх зорилготой ажиллаж байна

Отгоо
2021 оны 6-р сарын 25 -нд

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах, Монголбанкнаас урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны 3-р улиралд олгох санхүүжилтийн хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаад байна.

Хэвлэлийн хурлын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Инфляцын цаашдын төлөв байдал ямар байна вэ. Төв банкны зорилт орчимд хадгалагдах уу. Өсөх дарамт байгаа бол цаашид ямар бодлого баримтлахаар төлөвлөж байна вэ?

Б.Лхагвасүрэн: Инфляцын түвшин 5-р сарын сүүлийн байдлаар улсын хэмжээнд 6.2%, Улаанбаатар хотын хэмжээнд 6.7% байна. Өнгөрсөн он болон энэ оны эхэнд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор эдийн засгийн идэвхжил бага байсан. Тэр ч утгаараа инфляц 2-3 хувь буюу нам дор түвшинд хадгалагдаж байв. Улирлын онцлогоор 3, 4-р сараас эдийн засаг идэвхжиж, инфляц өсөх дарамт үүсэх боломжтой талаар 2021 оны нэгдүгээр улирлын мөнгөний бодлогын хурлаар хэлж байсан. Тиймээс бодлогын хүүг бууруулах эсэхийг ярьж байгаад 6 хувьд хадгалахаар шийдвэрлэж, та бүхэнд мэдээлж байв. Инфляц одоогоор 6% буюу манай зорилтот түвшний дундаж дээр ирчихсэн байна. Бүтцийг нь харвал цөөн хэдэн нэр төрлийн бараа буюу сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, нефтийн үнийн өсөлтөөс хамаарч байна. Бид үүнийг нийлүүлэлтийн шинж чанартай, түр зуурын нөлөөлөл гэж үзсэн учир бодлогын хүүг өсгөлгүйгээр хэвээр нь хадгаллаа. Инфляц цаашид өсөх дарамт байгаа хэдий ч 2022 онд буюу дунд хугацаанд зорилтын түвшинд байна гэж үзэж байна. Эдийн засаг оны сүүлийн хагаст сэргэх хэдий ч инфляц хяналтыг алдах хэмжээнд хүрэхгүй. Хэрэв инфляц зорилтот түвшинээс хэтэрвэл дараагийн шатны бодлогын  арга хэмжээнүүд бэлэн, тодорхой стратеги, төлөвлөгөөгөө гаргачихаад байна.

-Ковид-19-ийн халдварын тохиолдол өдөрт 2000 давж, эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотой дахин хөл хорио тавигдвал дотоодын эдийн засгийн идэвхжил сулрах магадлалтай. Эдийн засгийн өсөлтийн төлөвийг 6.9 хувь гэж тооцож байгаа юм байна. Гол нөлөөлөх хүчин зүйлс нь юу вэ?

Д.Ган-Очир: Гол өсөлтийг цэвэр экспортын өсөлт бүрдүүлнэ гэж хүлээж байна. Оны эцэст нүүрсний экспорт 29 сая тн, зэсийн экспорт үнийн нөлөөллөөс хамаарч өнгөрсөн оноос  өндөр байна гэж үзэж байна. Оюу толгойн баяжмал дахь агууламжийн хэмжээ өмнөх оноос өссөн гэсэн эерэг мэдээлэл бий. Санхүүгийн салбар талаас нь харвал зээлийн өсөлт 15-18 хувь байна гэж үзэж байгаа. Энэ нь хуримтлал, хөрөнгө оруулалт, ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй гэж харж байна. Мөн Засгийн газрын зардал эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд нөлөөлж байгаа. Мөнгөний бодлогын хүү нам түвшинд, зээлийн идэвхжил нэмэгдсэн, Монголбанкнаас олгож буй санхүүжилтийн хэрэгслүүд нь шууд болон шууд бус хэлбэрээр эдийн засгийг үргэлжлүүлэн дэмжих суурь төсөөлөлтэй байна.

Тэр утгаараа 2021 онд эдийн засаг 6.9 хувиар өсөхөөр төсөөлсөн. Салбараар нь авч үзвэл уул уурхай, түүнийг дагасан салбарууд илүү өндөр өсөлттэй байх төлөвтэй. Харин хөл хорионд өртөж буй дотоодын зарим салбарын өсөлт нам байх төсөөлөлтэй байна.

-Төгрөгийн ам.доллартай харьцах ханшид ямар нэгэн дарамт үүсэх үү?

Б.Лхагвасүрэн: Энэ оны хувьд төлбөрийн тэнцэл 500 орчим сая ам.долларын ашигтай гарахаар байна. Монгол Улсын валютын нөөц 4.9 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Энэ нь түүхэн дээд хэмжээ юм. Төгрөгийн ханш энэ он гарснаас хойш 0.02 хувиар чангарсан үзүүлэлттэй байгаа. Тиймээс энэ оныг дуустал, ойрын болон дунд хугацаанд ханшин дээр цочир савлагаа үүсэхгүй гэж харж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж бидэнд таатай нөхцөл бий болгож байгаа нь мөн хадгалагдах төлөвтэй.

-Зээлийн дундаж хүү хэд байгаа талаар мэдээлэл өгнө үү?

Б.Лхагвасүрэн: Хөтөлбөрийн зээлийг оруулахгүй бол зээлийн дундаж хүү 14.8% байна.

-Ипотекийн зээлийг зогсоосон гэсэн мэдээлэл гарч байсан. Тайлбар өгнө үү?

Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээл олгогдож байгаа. Он гарснаас хойш 6-р сарын 22-ны байдлаар 414 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. Энэ оны турш ипотекийн зээл тасалдалгүй явна. Өнгөрсөн оны 10-р сараас ипотекийн зээлийн хүү 6% болсон. Эх үүсвэрийн 60 хувийг Монголбанк, 40 хувийг банк өөрөө гаргаж байгаа. Тиймээс хөтөлбөрийн зээл тасралтгүй олгогдож байгаа гэдгийг хэлье.

-Төв банкны үнэт цаасны үлдэгдэл өссөн байгаа. ТБҮЦ-нд их хэмжээний мөнгө төвлөрсөн шалтгаан юу вэ. Цаашид буурах уу?

Б.Лхагвасүрэн: ТБҮЦ дээр 10 их наяд төгрөг төвлөрсөн. Энэ нь банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгө. Банк энэ мөнгөөр юунд хөрөнгө оруулж, санхүүжүүлэхээ өөрсдөө бие дааж шийдвэр гаргадаг. Энэ утгаараа зээлд гаргаж, бонд, үнэт цаас худалдаж авах зэргээс ТБҮЦ-нд байршуулах шийдвэр гаргасан байна. ТБҮЦ-ны хүү нь 6% буюу харилцах, хадгаламжийн дундаж хүүнээс нэлээн доогуур тул эрсдэл багатай, ашиггүй хэлбэрээр төв банканд байршуулж байна. Бодлогын хүүг 6%-д байлгаж байгаа нь санхүүжилтийн эх үүсвэрийг эдийн засаг руу гаргах зорилготой. Одоогоор зээлийн өсөлт 6.2% байна. 2021 онд зээлийн өсөлтийг 15-18 хувьд хүргэх зорилготой ажиллаж байна.

Д.Ган-Очир: Төв банк банкуудад тавьдаг шалгуураар нийт активынхаа 25 хувийг “хөрвөх чадвар бүхий” байлгах шаардлагатай тавьдаг. Засгийн газар үнэт цаас гаргахгүй байгаа энэ орчинд ТБҮЦ энэ үүргийг гүйцэтгэх хэрэгсэл болж байна. Энэ утгаараа 10 их наяд төгрөгийн 4 их наяд гаруй төгрөг нь энэ шалгуураар ТБҮЦ дээр байршиж байна. Үлдсэн 5.5-6 орчим их наяд төгрөг нь зээлжих бололцоотой эх үүсвэр юм.

Мөн төгрөг 0 хувийн өгөөжтэй банкин дээр байвал банкууд өгөөж хайх зорилгоор гадаад валютад хөрвүүлэх, долларжилт бий болох эрсдэлтэй. Мөн зээлийн өсөлтийг нэг дор огцом бий болговол эдийн засагт эерэгээс илүү сөрөг үр нөлөөтэй байх эрсдэлтэй. Тиймээс төв банкны үнэт цаасан дээр байгаа зээлжих бололцоотой эх үүсвэрийг алгуур суллаж, идэвхжилийг дэмжье гэж үзэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна