
Баянзүрх дүүргийн хороодын дунд зарласан “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны шилдэгүүд шалгарлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал асуулгад хорооны иргэдээ идэвхитэй хамруулан зохион байгуулж, 28 хорооноос манлайлсан шилдэг хороодын хамт олны шагналыг өнөөдөр /2021.07.09/ дүүргийн удирдлагууд гардуулан өглөө.

Тус болзолт уралдааны Тэргүүн байранд 16 дугаар хороо шалгарсан бөгөөд тус хорооны 9541 иргэн санал асуулгад бүрэн оролцож 2021 онд нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтод зориулж Орон нутгийн хөгжлийн сангаас 133 сая төгрөгийн санхүүжилт авахаар болсон юм. Хоёрдугаар байранд 25 дугаар хороо шалгарсан бөгөөд тус хорооны иргэдийн 60.25 хувь буюу 10423 иргэн санал асуулгад оролцжээ. Тус хорооны иргэд энэ онд нийтийн эзэмшлийн зам талбай тэгшлэх, гудамж талбайн тохижилт, таксины зогсоол байгуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх зэрэг тохижилтын ажилд 440 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болсон байна. Харин гуравдугаар байранд 28-р хорооны иргэдийн 55.16 хувь буюу 6392 иргэн оролцож, энэ жил тус хороонд явган хүний зам, гүүр, шат барих, засварлах ажилд 76 сая төгрөгийн санхүүжилтээр хийгдэхээр болжээ.
Орон нутгын хөгжлийн сангийн цахим санал асуулгын хүрээнд иргэд ногоон байгууламж нэмэгдүүлэх, камержуулах, автомашины зогсоол байгуулах, хогийн төвлөрсөн цэг байгуулах, авто замын засвар хийх гэсэн бүтээн байгуулалтын ажлуудад голчлон саналаа ирүүлсэн байна. Тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэж буй хөрөнгө оруулалтын, төсөл арга хэмжээ нь иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, иргэдэд нэн шаардлагатай байгаа тохижилтын ажлыг иргэдийн санал хүсэлт дээр тулгуурлан шийдвэрлэж байгаагаараа онцлогтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна