Улсын онцгой комиссоос томилогдсон Ажлын хэсэг, Өмнөговь аймгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд, уул уурхай болон тээврийн компанийн төлөөлөл хамтран цаг үеийн олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, Цагаан хад, Гашуунсухайт боомтыг “Ногоон бүс” болгох ажлыг зохион байгуулж байна. Өмнөговь аймгийн хувьд хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй, ковидын шинжилгээ өгөх хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, түргэвчилсэн оношлуурын нөөц хүрэлцэхгүй байгаа тул Аймгийн онцгой комиссоос нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд түргэвчилсэн тестийн хангалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавилаа.
Энэ дагуу Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос хэцүү цагийг хамтын хүчээр даван туулж, нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн Онцгой комисст коронавирусийн түргэвчилсэн оношлуур хандивлах уриалга гаргалаа. Энэхүү аянд нэгдэх аж ахуйн нэгжүүд Өмнөговь аймгийн Авто тээвэрчдийн нэгдсэн холбоонд хандахыг уриалсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна