Д. Нямхүү: Франц иргэнтэй нэг онгоцонд ирсэн 23 хүний давтан шинжилгээнд КОВИД-19 халдвар илрээгүй

Отгоо
2020 оны 3-р сарын 16 -нд

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл COVID-19 халдвар өнгөрсөн 24 цагт 7 улсад халдвар бүртгэгдэж, дэлхийн 150 улсад тархлаа. COVID-19 халдвар БНХАУ-д гурван сар гаруйн хугацаанд тархахад Хятадтай 4700 км газраар хиллэдэг Монгол Улсад яагаад халдварын ганц тохиолдол бүртгэгдсэнийг дэлхийн эрдэмтэд судалж эхэлжээ. Эрдэмтэн судлаачид Монголд халдвар тархаагүй нь хөл хорио тогтоох, хязгаарлах арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар цаг алдалгүй авсан нь халдвар тархахгүй байх хамгийн зөв шийдвэр байлаа хэмээн дүгнэж, хөл хорио тогтоох нь хамгийн оновчтой шийдвэр болохыг улс орнуудад зөвлөж эхэлсэн гэх таатай мэдээтэй байна.

Гараа сайтар савандаж угаах, амны хаалт зүүх бол халдварт өвчнөөс хамгаалах брэнд зөвлөмж. Ард иргэд Та бүхэн ЭМЯ-наас өгч буй энэ дэглэмээсээ битгий уйдаарай, 3, 4 дүгээр сард монгол хүний дархлаа мууддаг, халдварт өвчин дэгддэг сар. Тиймээс дэлхий нийтээр хэрэгжүүлж буй уламжлалт зөвлөмжийг уйдалгүй хэрэгжүүлээрэй.

ИТАЛИ, ИСПАНИ, ФРАНЦ, ШВЕЙЦАРТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЭМЭГДСЭЭР БАЙНА

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын улс орнуудад хэсэгчилсэн болон бүхэлд нь хорио тогтоох шийдвэрүүд гарлаа. Тухайлбал, Чех улсад халдварын тархалтаас сэргийлэх хүрээнд бүх дэлгүүр, үйлчилгээний газруудыг гуравдугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацаанд хааж, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн болох хүнс, ахуйн хэрэглээний зүйлс, түлш шатахуун, эмийн худалдаа эрхэлдэг газруудыг л ажиллуулах шийдвэр гаргасныг ЭМ-ийн сайд нь мэдэгдсэн байна.

Серби улсад Ерөнхийлөгчийнх нь шийдвэрээр онц байдал зарлалаа. Итали, Испани, Франц, Швейцарт халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Ялангуяа, сүүлийн 24 цагийн хугацаанд Швейцарт шинээр бүртгэгдсэн халдварын тоо 800 гаруйгаар нэмэгдэж, гуравдугаар сарын 17-ноос сургуулийн үйл ажиллагааг гурван долоо хоногийн хугацаатай хаах шийдвэр гаргалаа.

АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс холбооны улсын хэмжээнд мөрдөх журмыг гаргалаа. Тус журамд ирэх хоёр сарын туршид 50 болон түүнээс дээш тооны хүн оролцох аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, чухал шаардлагатай бол цахим технологийг ашиглахыг онцолсон байна. 49 муж улсад халдварын тохиолдол гарч байгаатай холбогдуулан муж улс бүр өөр өөрийн онцлогтой шийдвэрийг гаргасаар байгаа. Нью-Йорк хотын захирагчийн шийдвэрээр сургуулийн үйл ажиллагааг зогсоосон тул 1.1 сая хүүхэд гэртээ байх нөхцөл бүрдсэн байна. Мөн эмнэлгүүдэд яаралтай бус мэс заслуудыг цуцалж магадгүй байгааг мэдээлжээ.

Филиппин улсын нийслэл Манила хотод орох гарах бүх хөдөлгөөнийг нэг сарын хугацаатай хааж, тус хотын оршин суугч 12 сая хүн хорио цээрийн дэглэмд амьдарч байна.

Африк тивд Кени улсад бүх сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахын зэрэгцээ, халдвар бүртгэгдсэн ямар ч улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй гэдгээ зарласан.Катар улс тус улсыг чиглэсэн ачаа тээвэр болон транзит нислэгээс бусад бүх зорчигч тээврийн нислэгийг 14 хоногийн хугацаатай хориглолоо.

БНХАУ-д өнгөрөгч Ням гарагт халдварын 16 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс 20 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Харин нас баралтын тоо өмнөх өдрөөс 14-өөр нэмэгдэж, нийт нас баралт 3,213 болсон байна" гэлээ.

ГУРАВДУГААР САРЫН 15-НД ХӨСҮТ-Д НЭГ, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ХОЁР СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫГ ТУСГААРЛАСАН

ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны гуравдугаар сарын 2-нд шинэ коронавирусний халдвартай болох нь батлагдсан Франц иргэнтэй нэг онгоцонд ирсэн 23 хүний давтан шинжилгээнд КОВИД-19 халдвар илрээгүй. Энэ бол маш сайн мэдээ юм.

2020 оны гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүнээс шинэ коронавирусний халдвар илрээгүй. 2020 оны гуравдугаар сарын 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-Өлгий аймагт хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарласан.

Өчигдөр халдварын голомтоос буюу БНСУ-аас тусгай нислэгээр ирсэн 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчийн ажиглалт, лабораторийн шинжилгээ хийж байна. Бусад хүмүүсийн " саран", Цэргийн төв эмнэлэг болон "Жаргалант" сувилалд хуваарилан ажиглалтад авсан. Баян-Өлгий аймагт 96, Дархан-Уул аймагт 18, Дорноговь аймагт нэг хүнийг ажиглалтад авсан" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна