“Эрдэнэс Алт ресурс” компанийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхантай ярилцлаа. Түүний хувьд манай сэтгүүлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өглөө.
-Танай компани харьцангуй залуу компани. Байгуулагдаад 3 жил болсон байна. Энэ хугацаанд тодорхой ямар ажлууд дээр төвлөрч ажилласан бэ. Үүнээс ярилцлагаа эхлүүлье?
-Монгол Улсад Үндэсний үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудал 1998 оноос анх яригдаж эхэлсэн. Ингээд холбогдох эрх бүхий байгууллагуудын шийдвэр, тогтоолууд гарсан байдаг. Энэ ажил үүнээс 20 жилийн дараа буюу 2018 онд анх удаа үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах төслийг хэрэгжүүлэх төрийн өмчит компани байгуулагдсанаар эрчимжсэн. Өөрөөр хэлбэл, өмнөх яриа, хэлцэл албан ёсны болж ирсэн гэсэн үг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд компанийн зүгээс үндэсний үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийг барьж, байгуулахад шаардлагатай суурь судалгааг хийх, улсын эдийн засагт хувь нэмэр зорилгоор компанийн эзэмшилд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах зэрэг ажлууд дээр төвлөрч ажиллалаа. Үндсэндээ компани дунд болон урт хугацааны төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулах, ирээдүйн чиг хандлага, үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгоход чиглэлээ.
-Таны хувьд гүйцэтгэх удирдлагаар томилогдож ирээд ажлаа юунаас эхлүүлсэн бэ?
- Миний хувьд 2019 оноос компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж эхэлсэн. Тухайн үеийн УУХҮ-ийн Сайд Д.Сумъяабазар Монгол Улсад анх удаа алт, мөнгө, цагаан алтны бүлгийн үнэт металлуудыг олон улсын стандартын дагуу дотооддоо цэвэршүүлэх нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад стратегийн хувьд чухал ач холбогдолтой болохыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, 2019 оны тавдугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр байгуулах төслийг стратегийн ач холбогдол бүхий төсөлд хамааруулах түүхэн шийдвэрийг гаргасан. Одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газраас боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх чиглэл баримталж ажилласан. Тэр дундаа дахин нөхөгдөшгүй байгалийн баялгаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн үр өгөөжийг Монголдоо үлдээх үндсэн зорилт бодлогыг баримталж ажилласан. Миний хувьд томилогдож ирээд үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийн бүрэн хэмжээний техник, эдийн засгийн үнэлгээг боловсруулж, батлууллаа. Үйлдвэр барих газар эзэмших гэрчилгээг мөн гаргуулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн. Санхүүжилт шийдвэрлэгдсэн тохиолдолд үйлдвэрийг барьж эхлэхэд бэлэн болгох суурь судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
-Танай компани үндсэн зорилгоо Монгол Улсад үндэсний алт цэвэршүүлэх үйлдвэр барьж, ашиглалтад оруулах гэж тодорхойлсон байсан. ТЭЗҮ бэлэн болсон байна. Хөрөнгө оруулалт л дутуу байна гэж ойлгож болох уу. Зорилгынхоо хаана нь одоо явж байна вэ?
-Өмнө хэлсэнчлэн үндэсний үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр барьж, ашиглалтад оруулахад шаардлагатай суурь судалгаанууд хийгдэж, санхүүжилт шийдвэрлэгдсэн тохиолдолд үйлдвэрийг барьж эхлэхэд бэлэн болсон байсан. Гэсэн хэдий ч дэлхий дахинд тархаад буй цар тахлын улмаас гадаадын хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Бид хүндрэлийг богино хугацаанд даван туулах стратеги боловсруулж, 2024 он гэхэд үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас маш олон төсөл тооцоолоогүй эрсдэлд орж, хугацаа хойшилж таарлаа. Үүний нэгэн адил нөхцөл байдал өөрчлөгдөж байна.
-Хөрөнгө оруулалтыг төр дангаар хариуцах уу эсвэл хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай хамтрах уу. Ямар хувилбар дэвшүүлж байгаа вэ?
2020 оны хоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр барих төслийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх чиглэл өгөгдсөн. Үүний дагуу үйлдвэр барихад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллах бодлого баримталж байгаа.
-Үйлдвэр ашиглалтад орсноор хэчнээн ажлын байр бий болох вэ. Эдийн засгийн үр өгөөж нь?
-100 гаруй хүний тогтвортой ажлын байр бий болно. Гадаад улс орнуудын сайн туршлагаас үзвэл, жилд таваас дээш тонн үнэт металл цэвэршүүлдэг үйлдвэр ашигтай ажилладаг гэсэн тооцоо бий. Хийгдсэн судалгаагаар үйлдвэр жилд нийт 75 тонн үнэт металл цэвэршүүлэх тул үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөж өндөр. Мөн төслийн эдийн засгийн үр өгөөжөөс гадна стратегийн ямар өндөр ач холбогдолтой гэдгийг онцлох нь зүйтэй гэж бодож байна. Тодруулбал төсөл амжилттай хэрэгжсэнээр үндэсний мөнгөн тэмдэгтийн тодорхой хувийг алтаар баталгаажуулах боломжийг нээж, эдийн засагт хүндрэл учруулдаг гадаад валютаас ирэх дарамтыг багасгах нэн чухал ач холбогдолтой юм.
-Олон улсын стандартад нийцсэн өндөр технологийн дагуу 99.99 хувийн сорьцтой алтан гулдмай, бэлэг дурсгалын гулдмай, үрэл, гоёл чимэглэл, электрон техникийн бүтээгдэхүүний түүхий эд дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно гэж ойлгож байгаа. Үйлдвэрийн техник технологийн хувьд аль улсаас туршлага судалж, загвар болгон нутагшуулах вэ?
-Тийм ээ. Үйлдвэрийн технологийн хувьд Үнэт металл цэвэршүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Швейцар, ХБНГУ, Итали улсын технологи, туршлагыг нэвтрүүлж, Лондонгийн үнэт металлын биржийн “Good Delivery” сертификатад нийцсэн өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Цэвэршүүлэх үйлдвэрийн хамгийн чухал хэсэг нь Лаборатори байдаг бөгөөд уламжлалт арга болон хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан өндөр нарийвчлалаар, ямар ч хорогдолгүй үнэт металлыг сорьцолж, шинжилнэ.
“Алт-2” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч. Хөтөлбөр цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
- “Алт-2” хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар 2017 онд баталсан. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, хөтөлбөр болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт алтны үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар улс эх орны эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, тогтвортой өсөлтийг хангах зорилтууд тусгагдсаны дагуу тус зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд энэхүү хөтөлбөр боловсруулагдсан.
“Алт-2” хөтөлбөрт алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах, санхүүжилтийг Монголбанкнаас шийдвэрлэнэ гэж тусгасан. Үүний хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК 2018 онд манай “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийг үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр байгуулсан юм. Компани байгуулагдаад олон улсын стандартад нийцсэн үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр барихад шаардлагатай суурь судалгаануудыг хийж дууссан.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт үнэт металл эрэх, хайх, олборлох ажил хэрхэн хийгдэж байна вэ?
-Манай компани нь үнэт металл цэвэршүүлэхээс гадна үнэт металл эрэх, хайх, олборлох чиг үүрэгтэйгээр байгуулагдсан.
ҮМЦҮ байгуулах төслийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бий болгох асуудлаар Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-аас бодитоор дэмжиж Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр манай компанид олгосон бөгөөд бид тус талбайнуудад геологи, эрэл хайгуул, геофизикийн ажил хийхээр ажиллаж байна.
-Шинээр алтны үндсэн орд илрүүлсэн үү. Төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинэ орд нээн илрүүлэх ажил хэр хийгдэж байна вэ?
-Одоогоор “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын талбайд нарийвчилсан хайгуулын ажлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн шууд дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэхээр нээлттэй тендер зарлан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна. Мөн цаашилбал алтны нөөц бүхий зарим томоохон ордуудыг нээж илрүүлэх чиглэлээр судалгааны ажлыг эхлүүлсэн.
-Танай компанийн дунд хугацааны амбиц юу вэ?
-Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгох зорилтот нэмүү өртөг шингээсэн уул уурхай, стратегийн мега төслүүд, боловсруулах аж үйлдвэрийг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр тухайлбал алт цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулахаар тодорхой тусгагдсан. Аж үйлдвэржсэн улс болох төрийн бодлогыг манай компани түүчээлж, хариуцлагатай, үлгэр жишээ уулын үйлдвэрлэлийг хөгжүүлж цаашлаад олон улсын жишигт нийцсэн үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр байгуулж, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад түлхэц үзүүлэх, улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, улмаар баялгийн сангийн суурийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах урт болон дунд хугацааны амбицтай.
-Олон улсын зах зээлд алт болон зэсийн ханш өндөр өсөлттэй хэвээр байна. Уул уурхайн супер цикл эргэн ирлээ гэж зарим шинжээч, томоохон судалгааны байгууллагууд мэдээлж эхэлсэн. Энэ боломжийг танай компанийн хувьд хэрхэн харж байна вэ?
-Алт бол бусад түүхий эдийг бодвол олон улсын зах зээлд ханш нь нэг их унаад байдаггүй онцлогтой үнэ цэнэ бүхий түүхий эд. Энэ ч үүднээс алтны ханш тасралтгүй өсч байгаа өнөө цаг үед үйлдвэрийг ашиглалтад оруулах нь үйлдвэрийн улсын эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлнэ гэж харж байгаа. Иймд аль болох богино хугацаанд үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
-“Эрдэнэс Алт ресурс” компани өөрийн мэдлийн алтны хэдэн орд эзэмшиж байгаа вэ. Эдгээр ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах, хайгуулын нарийн судалгаа хийх, шинэ нөөц илрүүлэх ажил ямар үе шаттай явж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 212 тоот тогтоолоор ашигт малтмал эрэх, хайх эрх манай компанид олгосны дагуу Баянхонгор аймагт ашигт малтмалын хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Өмнө хэлсэнчлэн одоогоор хайгуулын тусгай зөвшөөрлөөр авсан алтны үндсэн ордын талбайн нарийвчилсан хайгуулын ажлыг хийж гүйцэтгэхээр нээлттэй тендер зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна.
-Ковид-19 танай компанийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөв. Тухайлбал, цар тахал, удаан хугацааны турш үргэлжилсэн хөл хорионоос болоод алт цэвэршүүлэх үйлдвэрийн ажилд тодорхой саад тотгор гарсан уу?
-Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас үйлдвэрийн барихад шаардагдах гадаад хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Иймд үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийн хүчин чадлыг бууруулж, бүтээгдэхүүний нэр төрлийг цөөрүүлэн мөн технологийн цехийн тоог багасгах стратеги баримтлан ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Швейцар, ХБНГУ, БНХАУ, Япон, Итали, Турк улсуудыг сонгон авч тэдгээрийн тэргүүлэгч инженерингийн компаниуд болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид рүү шинэчлэн боловсруулсан техникийн даалгаврын дагуу Монгол Улсад үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр барих боломж, үнийн саналыг харьцуулан судалж байна. Гэвч цар тахлын энэ цаг үед гадаадын зарим хамтран ажиллах сонирхол бүхий байгууллагуудтай мэдээлэл солилцох, үйлдвэртэй газар дээр нь очиж танилцах зэрэг асуудлууд гарч байна.
-Алт бол нөхөгдөшгүй баялаг. Байгаль орчны нөхөн сэргээлтэд хэрхэн анхаарч, ач холбогдол өгч байгаа вэ?
-Манай компанийн эзэмшил бүхий ордууд нь Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумд оршдог буюу говийн бүсэд байрлаж байгаа. Мөн Хүрэнцавын алтны үндсэн ордын хувьд олборлолтын далд аргаар ашиглах онцлогтой орд юм. Дэлхий дахинд уул уурхайн баяжуулалтын технологи, баяжуулалтаас гарах хаягдлыг саармагжуулах, аюулгүй байлгах талаар шинэ шинэ технологиуд гарч байгаа. Мэдээж тус ордуудыг ашиглахад холбогдох ТЭЗҮ, БОНБНҮ-ийн дагуу байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх ажлыг үлгэр жишээ хийж гүйцэтгэх зарчмыг баримтална. Үүнд бидний зүгээс өндөр ач холбогдол өгч байгаа.
-Компанийн боловсон хүчний чадвар, бодлого ямархуу түвшинд байна гэж үздэг вэ?
-Компанийн амжилтын үндэс нь ажилтнууд, чадварлаг хүний нөөц байдаг. Манай компани 2018 онд байгуулагдсан цомхон бүтэцтэй залуу компани, ажилчдын хувьд ихэнх нь 30 орчим насны залуучуудаас бүрдсэн, гадаад дотоодын их дээд сургуульд суралцаж төр хувийн хэвшилд ажилласан туршлагатай чадварлаг хамт олон. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл нь дэлхийд олон жилийн түүхтэй ч Монголдоо анхдагч тиймээс хамт олон маань мэдэхээ баталгаажуулах, мэдэхгүйгээ сурах гээд олон сорилтон дунд өсөж хөгжиж суралцаж байгаа.Түүнчлэн манай хамт олонд нэгдээд орсон шинэ ажилдчидаа салбараа мэдэх цаашид хөгжих тал дээр компанийн зүгээс түлхүү ач холбогдол өгч ажилладаг. Цаашид манай компанийн хөгжил өсөн тэлэхийн хирээр зорилго, стратегидаа тулгуурлан ажилчидаа сурч хөгжих боломжоор хангахын зэрэгцээ өндөр бүтээмжтэй, шинийг санаачлагч, мэргэшсэн, чадварлаг баг хамт олныг бүрдүүлэхэд чиглэсэн хүний нөөцийн оновчтой системийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Сэтгүүлч Б.Баяртогтох
Asia Mining сэтгүүлийн 038 дугаар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна